Байгууллагын түүх
1996 он
Улсын Их Хурлын 1996 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 40 дүгээр тогтоол, Засгийн газрын 1996 оны 303, 305 дугаар тогтоолоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Газрын тосны хэрэг эрхлэх газрыг Ерөнхий сайдын эрхлэх асуудлын харьяанд байгуулж Галсангийн Энхболдыг даргаар томилсон байна.
1997 он
Ашигт малтмалын тухай Монгол Улсын хуулийг Улсын Их Хурал 1997 оны 6 дугаар сарын 5-ны өдөр баталж, тус оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс мөрдөгдөж эхэлснээр Монгол Улсын эрдэс баялгийн салбарын эрх зүйн шинэ орчин бүрдсэн. Ашигт малтмалын тухай хууль шинээр батлагдан гарсантай холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 1997 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 132 дугаар тогтоолоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрыг байгуулж, мөн өдрийн 1/33 дугаар тогтоолоор Дугарын Жаргалсайханыг даргаар томилсон байна.
2000 он
Улсын Их Хурлын 2000 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн 32 дугаар тогтоол, Ерөнхийсайдын 2000 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 147 тоотзахирамжаар Үйлдвэр худалдааны яамны эрхлэх асуудлын харьяанд Газрын тосны хэрэг эрхлэх газрыг оруулж, даргаар Отгонбаярын Даваасамбууг томилсон.
2004 он
Улсын Их Хурлын 2004 оны 14 дүгээр тогтоолыг үндэслэн Монгол Улсын Засгийн газрын 2004 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 249 дүгээр тогтоолоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Ашигт малтмалын хэрэг эрхлэх газар, Газрын тосны хэрэг эрхлэх газрыг нэгтгэн Үйлдвэр, худалдааны сайдын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагАшигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрыг байгуулан Лувсанвандангийн Болдыг даргаар томилсон.
2008 он
Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын дарга Л.Болд нь Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсон тул Засгийн газрын 2008 оны 218 дугаар тогтоолоор тус газрын даргаар Жанчивын Билэгсайханыг томилсон байна.
2009 он
Улсын Их Хурлын 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг батлах тухай” 43 дугаар тогтоол, Засгийн газрын 2008 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 64 дүгээр тогтоолоор засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газар нь /хуучин нэрээр/ Эрдэс баялаг, эрчим хүчний яамны харьяа хэрэгжүүлэгч агентлаг Ашигт малтмалын газар, Газрын тосны газар гэсэн 2 тусдаа агентлаг болж, бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтийг хийсэн.
Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 54 дүгээр тогтоолоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ашигт малтмалын газрын даргаар Доржпүрэвийн Батхуягийг, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Газрын тосны газрын даргаар Дашзэвэгийн Амарсайханыг тус тус томилсон.
2012 он
Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 148 дугаар тогтоолоор Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ашигт малтмалын газрын даргаар Галсангийн Алтансүхийг томилсон.
2012 он
Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 178 дугаар тогтоолоор Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Газрын тосны газрын даргаар Гунгаажавын Өлзийбүрэнг томилсон.
2014 он
Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 173 дугаар тогтоолоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ашигт малтмалын газрын дэд дарга Д.Үүрийнтуяа нь тус газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажилласан.
2016 он
Улсын Их Хурлын 2016 оны 12 дүгээр тогтоолыг үндэслэн Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 4 дүгээр тогтоолоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ашигт малтмалын газар, Газрын тосны газрыг нэгтгэн Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ашигт малтмал, газрын тосны газрыг байгуулан, даргаар нь Балдоржийн Баатарцогтыг томилсон.
2017 он
Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 334 дүгээр тогтоолоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ашигт малтмал, газрын тосны газрын даргаар Хишигжаргалын Хэрлэнг томилсон байна.
2022 он
Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 32 дугаар тогтоолоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ашигт малтмал газрын тосны газрын даргаар Лхамсүрэнгийн Баярмандал томилогдон ажиллаж байна.