БНХАУ-ын зах зээлийн чиг хандлага
Дэлхийн хамгийн том нүүрс хэрэглэгч, олборлогч Хятад улс нүүрсний экспортын татварыг 2015 оны 1 сарын 1-ээс эхлэн 10 хувиас 3 хувь болгон бууруулах болсныг Хятад улсын Сангийн яамнаас мэдээлсэн байна. Дээрх татварын хөнгөлөлт нь коксжих, эрчим хүчний нүүрс болон бүх төрлийн нүүрсний бүтээгдэхүүнд хамаарна.
Мөн нүүрсэнд ноогдох татваруудыг зах зээлийн нөхцөл байдалд нийцүүлэн бууруулж байна гэж мэдэгдсэн байна.
Гэвч 2004 оноос хойш хэрэглэгдэж байгаа нүүрсний квотын системийг хүчингүй болгох нүүрс экспортлох эрхийг уурхайнуудад нэмж олгох эсэх нь тодорхойгүй байна.
Одоогийн байдлаар Шинхуа, Чайна Коул, Чайна Минметалл болон Шанси Коул Импорт Экспорт гэсэн 4 компани нүүрс экспортлох эрхтэй. Бусад нүүрсний компаниуд бүтээгдэхүүнээ дээрх 4 компаний нэр дээр экспортолдог.
Сүүлийн жилүүдэд өндөр экспортын татвар болон үнийн хувьд өрсөлдөх чадваргүй байсан учраас Хятад улсын уурхайнууд олгогдсон квотоос хэт бага хэмжээний нүүрс экспортолж байсан нь нүүрсний квотын системийг хэрэглэх шаардлагагүй нөхцөлд хүргэсэн байна.
БНХАУ-нь 2014 оны 11 сарын байдлаар 5,31 сая тонн нүүрс экпортолсон нь өмнөх оноос 23,5 хувиар буурсан ба дээрх татварын хөнгөлөлт нь Хятадын нүүрсний экспортыг нэмэгдүүлэх таамаг байна.
Хятад улс нь дотоодын нүүрсний хэрэглээг хангах зорилгоор 2008 оны 8 сараас экспортын нүүрсэнд 10 хувийн татварыг ноогдуулж эхэлсэн.
2008 онд 45.43 сая тонн нүүрс экспортолж байсан бол экспортын нүүрсэнд 10 хувийн татварыг ноогдуулж эхэлснээс хойш 2013 онд 7,31 сая.тн болж экспорт буурсан үзүүлэлттэй байна.
БНХАУ-ын нүүрсний экспортын хамгийн дээд хэмжээ нь 2003 онд 93,85 сая тонн-д хүрч байжээ.
Өвлийн улиралаас шалтгаалж эрчим хүчний хэрэглээ нэмэгдэж байгаатай холбогдуулан нүүрсний зах зээлд бага зэрэг эерэг хандлага ажиглагдаж байгаа боловч нийлүүлэлтийн илүүдэл болон нүүрсний үнийн уналтаас шалтгаалан хятадын нүүрс олборлогчдын 70 хувь нь алдагдалтай ажиллаж байгаа талаар www.en.sxcoal.com цахим хуудсанд мэдээлсэн байна.
Эдийн засгийн хүндрэлтэй байгаа дотоодын нүүрсний уурхайнуудад дэмжлэг үзүүлэхийн тулд Хятадын Үндэсний Нүүрсний Ассоциаци нь нүүрсэнд ноогдох экспортын татварыг бууруулах болон хүчингүй болгох зорилгоор засгийн газарт нөлөөлөх оролдлогыг идэвхитэй явуулж байгаа талаар дээрх цахим хуудсанд мэдээлсэн байна.
Иймд БНХАУ-ын дотоодын нүүрсний уурхайнуудын олборлолт болон тээврийн өртөг өндөр учраас дэлхийн гол экспортлогч болох Австрали, Индонези улсын Нүүрсний уурхайнуудтай өрсөлдөхөд дээрх татварын хөнгөлөлт нь бага хэмжээгээр ч гэсэн эерэг нөлөө үзүүлэхээр байна.