Геологийн баримт ашиглалтын нийтлэг журам
Ашигт малтмалын газрын даргын
2009 оны 5 дугаар сарын 19 -ны
өдрийн 169 дугаар тушаалын
1- хавсралт
Геологийн баримт ашиглалтын нийтлэг журам
Нийтлэг үндэслэл
Геологийн баримтын архивын сан хөмрөгөөс ажлын албан хэрэгцээнд болон хувь хүн, албан байгууллага, иргэдэд тайлан материал ашиглуулах, хуулбар үйлдэх, лавлагаа өгөх, зориулалтын байранд ашиглуулахтай холбогдсон үйл ажиллагаанд Архивын тухай хууль, Төрийн нууцын тухай хууль, Хувь хүний нууцын тухай хууль, Төрийн архивын ажлын үндсэн заавар болон бусад холбогдох эрх зүйн актууд болон геологийн салбарын үйл ажиллагаанд тохирсон энэхүү журмыг дагаж мөрдөнө.
1. АМГ-ын Геологийн хэлтсийн дарга, архивын эрхлэгчийн зөвшөөрлөөр албан ажлын хэрэгцээнд нууцаас бусад баримтыг үзүүлнэ.
2. Төрийн нууц баримтыг Тагнуулын төв газрын зөвшөөрлөөр ашиглуулна.
3. Байгууллага, иргэдийн хүсэлтээр уншлагын танхимаар тайлан материалыг ашиглуулахдаа зөвхөн ашиглалтын хөмрөг үүсгэсэн баримтаас хуулбар хийх, ашиглуулна.
г. Байгууллагын дотоод сүлжээгээр эрэл хайлтын цахим санг /каталоги/ нээлттэй ашиглуулах нөхцөлөөр хангах, тайлангийн текст, зургаас скайнердаж CD-д бичих, хэвлэн буулгаж өгөх
3. Тайланг журмын дагуу ашиглуулах ажлыг архивын эрхлэгч, архивын ажилтан нар хариуцан зохион байгуулна.
4. Улсын болон хувийн баримтын нууцлах хугацаа нь дуусаагүй тохиолдолд ашиглуулахгүй ба шаардлагатай тохиолдолд АМГ-ын Геологийн хэлтсийн даргын зөвшөөрлийн дагуу ашиглуулна.
5. Геологийн баримтын архив нь байгууллага иргэдэд хуулбар лавлагаа олгохдоо батлагдсан тарифын дагуу үйлчилгээний хураамж авна.
6. Нөөц хөмрөгөөс ашиглалтын хөмрөг үүсгээгүй тохиолдолд архивын хууль тогтоомжийг үндэслэн хязгаарлалтыг тавина.
7. Төрийн архивын баримтын бүрэн бүтэн байдлыг түүнийг хүлээн авсан хүн буюу гэрээний дагуу хүлээн авсан эзэмшигч хариуцна.
8. Архивын баримт ашиглуулах тухай энэхүү журмыг зөрчсөн архивын ажилтан, иргэд, хуулийн этгээдэд Монгол улсын Архивын тухай хууль, Захиргааны хариуцлагын тухай хуулийн 34 дүгээр, Архив, албан хэрэг хөтлөлтийн зааврын 41 дүгээр заалт болон бусад хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээнэ. Үүнд:
а, Архивын журам зөрчсөн иргэнийг Монгол Улсын захиргааны хариуцлагын тухай хуулийн 34-р зүйлийн 1-д зааснаар иргэнийг 1000-30000 төгрөгөөр, албан байгууллага, ААН-ийг 50000-80000 төгрөгөөр торгох шийтгэл ноогдуулах.
б, Монгол Улсын эрүүгийн хуулийн 225-р зүйлд зааснаар баримт бичиг, хэвлэмэл материал, архивын бичиг баримтыг хулгайлах, устгах гэмтээх, хууль бусаар худалдах, бусдад дамжуулах гадаадын байгууллага, иргэдэд худалдах, дамжуулсан бол 5 жилийн хугацаатайгаар хорих буюу 20000-500000 мянган төгрөгөөр торгох арга хэмжээ авна.
НЭГ. Геологийн тайлан материалыг уншлагын танхимаар ашиглуулах
1.1 Геологийн баримтын төвийн архивын материалаар үйлчлүүлэхийг хүссэн байгууллага нь албан бичгээр, иргэд иргэний үнэмлэхээр, оюутан сурагчид тайлан материал судлах шалтгааныг дурдсан сургуулийн сургалтын албаны тодорхойлолттой ирж бүртгүүлнэ.
1.2 Архивын баримт ашиглуулахдаа хувийн хэрэг нээж ямар баримт ашиглаж байгаа тухай тэмдэглэл хөтөлж гарын үсгээр баталгаажуулна.
1.3 Баримтын ашиглах журмыг зөрчөөгүй иргэнд цаашид баримт ашиглах зөвшөөрөл нь хүчин төгөлдөр байна.
1.4 Судлаач нь уншлагын танхимд танилцах баримт хүлээн авахдаа ном, зургийг нэг бүрчлэн шалгаж хүлээн авч гарын үсгээ зурна.
1.5 Нөөц хөмрөг болон үнэт баримтыг хязгаартай ашиглуулна.
1.6 Баримтанд хуулбар хийхдээ тайланг бүхэлд нь хувилж хуулбар хийх, камер ажиллуулах, зургийн аппарат ашиглахыг хориглоно.
1.7 Тайлан материалыг урж тасдах, дээр нь тэмдэглэл хийх, нугалж бохирдуулах, зориулалтын байрнаас авч гарах зэрэг Төрийн архивын баримтын хадгалалт хамгаалалтын журмыг ноцтой зөрчвөл Геологи, судалгааны хэлтсийн даргад мэдэгдэж, тодорхой хугацаагаар баримт ашиглах эрхийг хасах, торгууль тавих асуудлыг архив албан хэрэг хөтлөлтийн улсын байцаагч хариуцна.
1.8 Уншлагын танхимаар баримт ашиглахдаа утсаар чанга ярих, чимээ шуугиан гаргахыг хориглоно.
ХОЁР. Тайлан материалыг АМГ-ын ажилтан нарт ашиглуулах
2.1 Тайлан материалыг дараахь тохиолдолд дотоод ажлын хэрэгцээнд олгоно. Үүнд:
а/ Баримтанд ашиглалтын хөмрөг үүсгэх, сэлбэн засах, сэргээн шинэтгэх, технологийн боловсруулалт хийх
б/ Судалгаа эрдэм шинжилгээ, сурталчилгааны ажилд ашиглахад
2,2, Дотооддоо ашиглуулах баримтыг архивын ажилтан хариуцан олгох ба нэг удаа олгох тайлангийн тоо 5-аас хэтрэхгүй байна.
2,3, Албан ажлын хэрэгцээнд олгосон буюу буцааж авсан баримтын мэдээ тайланг сар бүр гаргаж удирдлагад мэдээлж байна.
2,4, Архивын баримтыг дотоод ажлын хэрэгцээнд ашиглахдаа АМГ-ын даргын 2009 оны 38 дугаар тушаалыг баримтлана. /Хавсралт1/
2,5, Төрийн архивын баримттай байнга харьцаж байгаа ажилтан нар нь төрийн архивын баталгаа бөглөсөн байна. /Хавсралт 2 /
ГУРАВ. Архивт ажиллаж байгаа ажилтан нарын хүлээх үүрэг, хариуцлага
3.1 Архивын ажилтан нар нь архивын эрхлэгчийн зөвшөөрлийн дагуу баримтыг олгох ба улсын болон байгууллагын нууцад хамаарагдах баримтыг нууцын эрхлэгчийн тусгай зөвшөөрлийн дагуу олгох үүрэгтэй.
3.2 Үйлчилгээ хариуцан ажиллаж буй ажилтан нар нь судалгаа лавлагаанд ашиглаж буй баримтын тоо бүртгэлийг зохих журмын дагуу хөтөлж, уншлагын танхимаар олгож буй баримтын бүрэн бүтэн байдлыг биечлэн шалгаж хяналт тавьж, мэдээ тайлангаа архивын эрхлэгчид тогтмол мэдээлж байна.
3.3. Архивын материалтай харьцаж байхдаа тамхи татах, төрөл бүрийн цахилгаан халаагуур хэрэглэх, амархан гал авалцах, хүнсний бүтээгдэхүүн болон худалдаа үйлчилгээ явуулахыг хориглоно.