Ашигт малтмалын газар 1-р сарын 26-ны өдрөөс эхлэн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл хүлээн авч, шийдвэрлэж эхлэнэ. Хайгуулын тусгай зөвшөөрлийг олгохдоо Монгол улсын дэд бүтцийн хөгжил, ногоон хөгжлийн үзэл баримтлал, хөрөнгө оруулалтын тэнцвэртэй байдал зэргийг харгалзан төлөвлөгөөтэй, эмх цэгцтэй олгох бодлого баримтална. Энэ үүднээс нутаг дэвсгэрийн баруун хагас буюу уртрагийн 104 дүгээр меридианаас баруун тийшэх хэсэгт хамаарагдах 9 сая га талбайд эхний ээлжинд хайгуулын тусгай зөвшөөрөл олгож эхлэнэ

Ил тод, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх нь эрдэс баялгийн салбарт баримтлах үндсэн бодлого бөгөөд хайгуулын тусгай зөвшөөрөл дахин олгож эхлэхдээ хууль тогтоомжийн хүрээнд хариуцлагатай, чадвартай хуулийн этгээдэд олгох чиглэлийг баримталж ажиллана.

Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа, Монгол Улсад татвар төлөгч хуулийн этгээдэд олгоно” гэж заажээ. Мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.6-д “тухайн этгээд энэ хуулийн 7.1-д заасан шаардлагыг хангаж байгааг нотлох баримт”-ын хамт хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст ирүүлэхээр хуульчилж өгсөн байна. Иймээс аж ахуйн нэгжүүд Монгол Улсад татвар төлөгч болохыг нотолсон баримт болох тодорхойлолтыг харъяа татварын албанаас авч өргөдөлдөө хавсаргана.

Ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлд төрийн захиргааны төв байгууллагад тусгай зөвшөөрөл авах үйлчилгээний хөлсний хэмжээг тогтоох эрхийг олгож хуульчилсны дагуу Уул уурхайн сайдын тушаалаар хайгуулын тусгай зөвшөөрлийн эрх олгох үйлчилгээний хөлсний хэмжээг 3 сая төгрөгөөр,  цахим системд нэвтрэх эрх буюу хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргах дугаарыг цахимаар авах үйлчилгээний хөлсийг 7 хоног нэвтрэх эрхийг 500 000 төгрөг, 1 сар нэвтрэх эрхийг 2 000 000 төгрөгөөр тус тус тогтоосон.

Хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд өр төлбөргүй тухай тодорхойлолт болон тухайн талбайд гүйцэтгэх хайгуулын ажлын төрөл, хэмжээ, өртгийг тусгасан урьдчилсан төсөл (Төсөл хэрэгжүүлэх санхүүгийн жадамжтайг батлах баримт нотолгоог хавсаргах)-ийг хавсаргах байсан зохицуулалтыг холбогдох байгууллагуудтай зөвшилцсөний үндсэнд заавал шаардахгүй болсныг аж ахуйн нэгжүүдэд мэдээлж байна.

Хайгуулын тусгай зөвшөөрөл олгож эхлэхтэй холбогдуулан Ашигт малтмалын газраас аж ахуйн нэгжид зориулсан сургалт, сурталчлан таниулах ажлуудыг үе шаттайгаар зохион байгуулж байгаа бөгөөд 2 удаагийн сургалтыг 700 гаруй аж ахуйн нэгжүүдэд амжилттай зохион байгууллаа. Мөн түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрөл олгох зохицуулалт, заавар, зөвлөмжийг Ашигт малтмалын газар болон тус газрын цахим хуудаснаас авч танилцаж болно.

Хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргах дугаарыг цахимаар олгох систем 2015 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 08.00 цагаас эхлэн ажиллана.

АШИГТ МАЛТМАЛЫН ГАЗАР