Аж ахуйн нэгжүүдийн анхааралд
Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаарыг цахимаар олгох систем 1 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн ажиллаж, эхний 30 дугаарыг аж ахуйн нэгжүүдэд амжилттай олголоо. Эдгээр аж ахуйн нэгжүүд маргааш буюу 1 дүгээр сарын 27-ны өдөр цахим дугаарт заасан цагт өргөдлөө АМГ-ын Кадастрын хэлтэст гаргана. Цахим системд 373 аж ахуйн нэгж нэвтрэн компанийн бүртгэлээ хийлгэн дугаар авах ажиллагаанд оролцсон байна.
АМГ-аас нэг өдөрт 30 цахим дугаар олгох ба дугаар авсан ААН-үүд дараагийн өдөр цахим дугаарт заасан цагт хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлөө АМГ-т биечлэн гаргана. АМГ-ын Кадастрын хэлтэс өргөдлийг хүлээн авч, хянан үзэж тухайн өдөртөө багтаан өргөдөл гаргасан солбицлыг хайгуулын тусгай зөвшөөрөл олгох нийт талбайн солбицлоос хасалт хийж нийтэд мэдээлнэ. Ингэснээр хайгуулын тусгай зөвшөөрөл авахыг хүссэн аж ахуйн нэгжүүдэд өмнөх өргөдлийн талбайтай давхцуулалгүйгээр талбай сонгож өргөдлөө гаргах боломж бүрдэнэ. Иймд цахим дугаарыг ажлын 1 өдөр өнжиж (эхний долоо хоногт даваа, лхагва, баасан гарагт, дараагийн долоо хоногт мягмар, пүрэв гарагт) олгохоор тогтлоо.
Жишээн дээр тайлбарлахад: Даваа гаригт олгосон цахим дугаараар Мягмар гаригт АМГ-т өргөдөл гаргана, АМГ Мягмар гаригт багтаан өргөдлийг хянан үзэж өргөдөл гаргасан талбайн солбицлыг хасч нийтэд мэдээлнэ. Ингэснээр Лхагва гаригт ААН давхцалгүй талбайн мэдээллээ оруулж цахим дугаар авах боломжтой болно.
Энэ өөрчлөлттэй уялдан 1 долоо хоногоор системд нэвтрэх эрх авсан аж ахуйн нэгжүүд 2 долоо хоног, 1 сар нэвтрэх эрх авсан бол 2 сар системд нэвтрэх эрхтэй болно.
Ашигт малтмалын газар