ХАЙГУУЛЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ  ЯВУУЛАХ ТАЛААР

2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаас Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам шинэчлэн батлах эрхийг Уул уурхайн сайдад олгосон. Үүний дагуу Уул уурхайн сайдын 2015 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 10 дугаар тушаалаар “Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ыг баталсан.

Монгол улсын нутаг дэвсгэрийн 6.49 хувь буюу 10.2 сая га талбайд сонгон шалгаруулалтын журмаар тусгай зөвшөөрлийг олгоно. Ашигт малтмалын тухай хуулийн 19.12, 20.1, 24.2, 26.9, 60.9-д заасан үндэслэлээр эрдсийн хуримтлалтай, тусгай зөвшөөрөл нь цуцлагдсан, дуусгавар болсон талбайд сонгон шалгаруулалтын журмаар тусгай зөвшөөрөл олгоно.

Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтыг зохион байгуулах бэлтгэл ажлын хүрээнд эхний 29 талбайд орон нутгийн удирдлагаас санал авахаар албан тоотыг хүргүүлсэн. Эдгээр 29 талбай нь Баян-Өлгий, Говь-Алтай, Өмнөговь, Ховд, Төв, Увс, Хэнтий, Завхан, Дорноговь зэрэг нийт 9 аймгийн 195840 га газар нутгийг хамарч байна.

Өнөөдрийн байдлаар орон нутгийн засаг дарга нараас дэмжсэн санал ирүүлсэн дараах 8 талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт зарлаж байна. Үүнд:

  1. Увс аймгийн Наранбулаг, Өлгий сумдын нутаг 10033.55 га бүхий Баруун хавцал нэртэй талбайд  
  2. Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын нутаг 4903.59 га бүхий Чигэртэй-1 нэртэй талбайд 
  3. Баян-Өлгий аймгийн Цэнгэл, Улаанхус сумдын нутаг 6438.75 га бүхий Алтайн нэртэй талбайд 
  4. Баян-Өлгий аймгийн Толбо сумын нутаг 2393.76 га бүхий Хотгор нэртэй талбайд  
  5. Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутаг 2994.04 га бүхий     Бахлайн нуруу нэртэй талбайд 
  6. Ховд аймгийн Дарви сумын нутаг 1981.15 га бүхий Бумбатын алаг нэртэй талбайд 
  7. Ховд аймгийн Булган Үенч сумдын нутаг 7040.75 га бүхий Улаан дэл  нэртэй талбайд 
  8. Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутаг 4811.56 га бүхий Энгэр толгод нэртэй талбайд 

Сонгон шалгаруулалт зарласан талбайн босго үнэ болон бусад мэдээллийг Ашигт малтмалын газрын  цахим хуудсанаас (www.mram.gov.mn) болон Ашигт малтмалын газраас авч болно.

Үнэлгээний баримт бичгийн иж бүрдлийг эргэн төлөгдөхгүй нөхцөлөөр үйлчилгээний хураамж болох 250.000 төгрөгөөр худалдан авна.

ХАЙГУУЛЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ӨРГӨДЛИЙН ЖУРМААР ОЛГОЖ БУЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ ТАНИЛЦУУЛГА

Хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаарыг цахим хэлбэрээр олгох үйл ажиллагаа 2015 оны 1 дүгээр сарын 26-ны өдрөөс эхэлсэн. Энэ хугацаанд нийт 742 аж ахуйн нэгж Ашигт малтмалын газарт бүртгүүлснээс 676 аж ахуйн нэгж VPN төхөөрөмж авсан. Эдгээр аж ахуйн нэгжээс 2015 оны 3 дугаар сарын 13-ны байдлаар 268 нь системд нэвтрэх эрхээ сунгуулан цахим хэлбэрээр өргөдлийн дугаар олгох ажиллагаанд оролцсон байна.

Нийт бүртгүүлсэн аж ахуйн нэгжүүдийн 691 нь дотоодын хөрөнгө оруулалттай, 41 нь гадаадын 100 хувийн хөрөнгө оруулалттай /БНХАУ-16, Сингапур-9, Австрали-3, Канад-3, Люксенбургийн вант улс-2, бусад-8/, 10 нь хамтарсан хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд байна.

3 дугаар сарын 13-ны өдөр хүртэл цахим хэлбэрээр 600 өргөдлийн дугаар олгосон бөгөөд үүнээс 407 өргөдлийг хүлээн авч шүүлт хийсэн. 193 цахим дугаар авсан аж ахуйн нэгжүүд цагтаа ирж өргөдлөө гаргаагүй байна.

Хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн 407 өргөдлийг хүлээн авч Ашигт малтмалын тухай хуулийн дагуу хянан үзэж 24 тусгай зөвшөөрөл олгоод байна.  Мөн 219 өргөдөл гаргасан талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой тул Засаг даргын санал авахаар мэдэгдэл хүргүүлсэн, 78 талбайд санал авах мэдэгдэл хүргүүлэхээр АМГ-ын Кадастрын хэлтэст хянагдаж байна. Харин 68 өргөдөл гаргасан талбайн хэлбэр хэмжээ хуулийн шаардлага хангаагүй, мөн өмнөх өргөдлийн талбайтай давхцалтай шалтгаанаар хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж аж ахуйн нэгжид мэдэгдсэн байна. Хайгуулын тусгай зөвшөөрөл өргөдлийн журмаар олгох үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна.

ШҮҮХИЙН ШИЙДВЭРЭЭР ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ НЬ ХҮЧИНГҮЙ БОЛСОН АШИГТ МАЛТМАЛЫН  ХАЙГУУЛЫН ТАЛБАЙД ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН МЭДЭЭЛЭЛ

Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 216 дугаар тогтоолоор “Шүүхийн шийдвэрээр тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын 106 талбайд тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ыг баталсан.

Уг журмын дагуу 2014 оны 08 дугаар сарын 21-ний өдрөөс өнөөдрийг хүртэлх хугацаанд 6 удаагийн  сонгон шалгаруулалтыг амжилттай зохион байгууллаа. Сонгон шалгаруулалт явуулах боломжтой гэж үзэж байгаа 88 талбайн давхцалгүй 45 талбайгаас 39 талбайд, давхцалтай 43 талбайгаас 11 талбайн давхцалыг нь арилгуулан  босго үнийг баталгаажуулан нийт 50 талбайд сонгон шалгаруулалтыг зарлан явуулж байна.

Сонгон шалгаруулалтын дүнд 29 (11 нь талбайн тусгай зөвшөөрөл олгох ажил одоо явагдаж байгаа) талбайд шинээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон бөгөөд үүнээс 24 талбайд өмнө нь тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан аж ахуйн нэгжүүд шалгарсан байна.

Харин “Чойдог худаг”, “Могойт”, “Амгалант”, “Бүрэгийн хангай”, “Хавцгайт”, “Асгат”, “Шинэбулаг”, “Хажуугийн айраг”  гэсэн  нэр бүхий 8 талбайд огт санал ирүүлээгүй, ирүүлсэн санал нь “үнэлгээний баримт бичиг”-т заасан  шаардлага хангаагүй  тул АМТХ-ийн 18, 19 дүгээр зүйлд заасны дагуу өргөдлийн журмаар олгох талбайд шилжүүлээд байна.

Нийт 50 талбайгаас гадаадын 100 хувийн хөрөнгө оруулалттай  “Голден гроуз”  ХХК /Канад/ -ийн 2 талбай, “Айбекслэнд монголиа” /Сингапур/, “Окслейгоулд” ХХК /Австрали/, “Эх говийн чулуу” ХХК /Виржини арлууд/, “Гүрвэлжингоо” ХХК /БНСУ/, “Райсан хүдэр” ХХК /Монгол, Хятадын хамтарсан/ -ийн эзэмшиж байсан 7 талбайд сонгон шалгаруулалт зарласан байна. Эдгээрээс “Голден гроуз”, “Айбекслэнд монголиа”, “Окслейгоулд” ХХК-иуд сонгон шалгаруулалтад оролцон шалгарч, өмнө эзэмшиж байсан ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлүүдээ буцаан авч эзэмшиж байна.