Монгол улс болон Чех улсын хооронд Геологийн салбарт хамтран ажиллаж байгаа тухай
Монгол улс Чех улсын хооронд олон талт хамтын ажиллагааг худалдаа, эдийн засаг, боловсрол, шинжлэх ухаан техникийн болон соёлын харилцааг хөгжүүлж өдгөө 53 жил болж байна. Чехословак улс БНМАУ-ын нутагт ажиллаж байсан Олон улсын геологийн экспедицид нэгдэн, Чехословак геологчид манай улсад геологийн салбарт үр дүнтэй хамтран ажиллаж байлаа. Чехословак улсын геологийн экспедици 1956-1969 онд Хөвсгөл, Булган аймгуудын нутагт эрэл хайгуулын ажил явуулж алт, зэс, гянт болд зэрэг ашигт малтмалын талаар үнэлгээ өгсөн байна.
1971-1975 онд Хэнтий аймгийн нутагт хүдрийн ордыг нээж, 1976 оноос Онгонхайрханы гянт болдын орд газар, Төв аймгийн Баянцагаан сумын нутагт “Чулуут цагаан дэл”-д жоншны эрэл хайгуулын ажлыг явуулжээ.
Улмаар 1999-2002 онд Чех улсын Байгаль Орчны яамтай хамтран Алтайн цаад говьд 35410 кв.км талбайд "Алтайн чанад дахь талбайн 1:200,000-ны геологийн зураглал, геологийн судалгаа"-ны ажил Чех улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хийгдсэн.
Монгол Улс, БНЧехУ-ын хооронд геологи, эрдэс баялгийн салбарт хамтран ажиллах үйл ажиллагааг өргөжүүлэх асуудлын хүрээнд Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг АМГТХЭГ, БНЧехУ-ын Геологийн албаны хооронд Монгол Алтайн нурууны талбайд 1:50,000-ны масштабын зураглалын ажил хийх асуудлаар 2003 оноос харилцан санал солилцсоны үндсэн дээр Чех улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Говь-Алтай аймгийн Чандмань, Эрдэнэ, Баянхонгор аймгийн Баацагаан, Бууцагаан сумдын нутгийг хамарсан Замтын нурууны 3625.8 км.кв талбайд 2004-2007 онд гүйцэтгэх геологийн 1:50,000-ны масштабын зураглал, ерөнхий эрлийн ажлын төслийг хэрэгжүүлэхээр тохиролцсоны дагуу төслийг 2004 оноос хэрэгжүүлж эхлүүлсэн.
2013 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Ашигт малтмалын газар БНЧехУ-ын Чехийн Геологийн албаны хооронд геологийн салбарт хамтран ажиллах гэрээнд Ашигт малтмалын газрын дэд дарга Д.Үүрийнтуяа, Чех улсын Геологийн албаны гүйцэтгэх захирал Петр Микса нар гарын үсэг зурсан. Гэрээнд тусгагдсанаар Ховд аймгийн Мөнххайрхан, Зэрэг, Манхан сумдын нутгийг хамрах 1769.65 кв.км “Монгол Алтай-50” талбайд 2013-2016 онд хамтын ажиллагаагаар 1:50,000-ны масштабын геологийн зураглал, ерөнхий эрлийн ажлыг гүйцэтгэж байна.
2013-2014 оны хээрийн судалгааны ажилд Чех улсын талаас 11 геологич, Монголын талаас ГСТ-ийн 4 геологич, ШУТИС-аас ГГТС-ийн геологийн ангийн 4 оюутан ажилласан байна.