Нүүрсний чанарын сургалт амжилттай болж төгсөгчид сертификатаа гардан авлаа

Ашигт малтмалын газрын Уул уурхайн шинжилгээ, туршилтын лабораториос “Монголын уул уурхайн аж үйлдвэрлэлийн мэргэшсэн, зөвлөх инженерүүдийн үндэсний холбоо”-той хамтран “Нүүрсний шинж чанар, боловсруулалтын талаар суурь мэдлэг эзэмшүүлэх, шинжилгээний арга, аргачилалд мэргэшүүлэх  II лаборатори-сургалт”-ыг 2015 оны тавдугаар сарын 18-29-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

Энэхүү сургалтаар онолын хичээлийг хатуу түлшний салбарын судлаач, доктор профессорууд заасан бол дадлагын хичээлийг Ашигт малтмалын газрын Уул уурхайн шинжилгээ, туршилтын лабораторийн шинжилгээний багаж, тоног төхөөрөмжүүд дээр суурилан магистр зэрэгтэй, лабораторийн шинжээч нар зааж явууллаа.

Тус ээлжит сургалтаар нийт 12 байгууллага, компаниудын 19 ажилтан төгссөн бөгөөд гаалийн улсын байцаагч-шинжээч, геологич, химич, инженер, менежер, лаборант, мэргэжилтэн зэрэг төрөл бүрийн мэргэжил бүхий албан тушаалтнууд хамрагдав.

Төгсөгчдөд баяр хүргэж сертификат гардуулах ажиллагаа 2015 оны тавдугаар сарын 29-ны өдөр Уул уурхайн яаманд болж тус яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Ч.Түмэнбаяр, Түлшний бодлогын газрын дарга Л.Раднаасүрэн, АМГ-ын дэд дарга С.Амарсайхан, Уул уурхайн шинжилгээ, туршилтын лабораторийн дарга С.Алтанхуяг нар оролцов.

Төгсөгчид энэхүү сургалтаар олон зүйлийг сурч мэдсэндээ сэтгэл хангалуун байна. Энэхүү сургалт нь нүүрсний аж үйлдвэрийн салбарын өнөөгийн байдал, боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилт, ач холбогдол, нүүрсний гарал үүсэл, бүтэц, найрлага, хими технологийн шинж чанар, гүнзгий боловсруулах технологиуд, нүүрсний шинжилгээний арга аргачлалын талаар онолын мэдлэг олгож, шинжилгээний арга, аргачлалыг лабораторийн нөхцөлд багаж тоног төхөөрөмжүүд дээр практик, дадлагаар мэргэшүүлсэн нь чухал ач холбогдолтой боллоо.