Мэдээлэл
2015 оны 08 дугаар сарын 24 –ний цахим дугаар олголтын талаар олон нийтэд мэдээлэл хийж байна.
Дугаар олголт өнөөдөр 09:00:00 цагт эхэлж, эхний 51 аж ахуй нэгжийн дугаарыг олгосон боловч 09:02:31 цагт loginсерверээс хариу өгөхгүй болж, систем 34 минутын хугацаанд доголдсон. Асуудлыг тодруулахын тулд Ашигт малтмалын газрын даргын тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийг нэн даруй хуралдуулсан болно.
Ажлын хэсэгт Ашигт малтмалын газар, Үндэсний дата төв, Кибер аюулгүй байдлын газар болон хөгжүүлэгч компани нарын төлөөлөл багтдаг.
Цахим дугаар олголтын ажлын хэсгийн хуралд цахим дугаар олголтын асуудлаар IERP Consulting компанийн захирал Ц.Бадраа мэдээлэл хийсэн. Уг мэдээллээс үзэхэд:
- 09:00:00 цагт системийн үйл ажиллагаа хэвийн эхэлсэн ба бүх серверүүд хэвийн жигд ажиллаж байсан.
- 09:02:31 цагт login сервер хариу өгөхгүй болсон. Тухайн агшинд өргөдөл хүлээн авах веб сервер, login серверээс хариу хүлээж байв.
- 09:36:21 цагт login сервер эргэж сэргэсэн.
Энэ асуудал нь login серверийн ачаалал тооцоолсноос хэт ихэссэнээс болж доголдсон гэж ажлын хэсэг урьдчилсан байдлаар дүгнэж байна.
Иймд уг алдааг бүрэн тодруулахаар ажлын хэсэг ажиллаж байгаа бөгөөд шаардлагатай өргөтгөл, тохиргоог гүйцэтгэж, ирэх Даваа гараг буюу 2015 оны 08 дугаар сарын 31 –ний өдөр дахин өргөдлийн дугаар олгож эхлэхэд бэлэн болгохоор ажиллаж байна.
Баазад хадгалагдсан өгөгдлүүдийг тэр даруй нууцалж, аж ахуй нэгжүүдийн мэдээллийн аюулгүй байдлыг бүрэн хангасан. Өнөөдрийн дугаар олголтыг хүчингүй болгох арга хэмжээ авч, аж ахуй нэгжүүдийн системд хандах эрхийг 1 долоо хоногоор сунгаж байна.
Өнөөдрийн дугаар олголтын явцыг шалгуулахаар Тагнуулын ерөнхий газар болон тус газрын харьяа Кибер аюулгүй байдлын газарт хандсан болно.
АШИГТ МАЛТМАЛЫН ГАЗАР