“Ашигт малтмалын тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн хэлэлцүүлэг орон нутагт үргэлжилж байна

 “Ашигт малтмалын тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн хэлэлцүүлгийг Дорноговь аймгийн төв “Саран хөхөө” театрт 2026 оны 02 дугаар сарын 12-ны өдөр нутгийн иргэдийн дунд зохион байгууллаа. Тус хэлэлцүүлэгт Ашигт малтмал, газрын тосны газрын дарга П.Баянбаатар, Газрын тос, бүтээгдэхүүний газрын дарга Ч.Чулуунбат, Кадастрын хэлтсийн дарга М.Энхтулга нар оролцож хуулийн төслийг танилцуулж, иргэд олон нийтийн санал, хүсэлтийг нэгтгэн авлаа.

Тус хэлэлцүүлэгт Дорноговь аймгийн нийт 300 орчим иргэн, тус аймагт үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжийн удирдлага, төлөөлөл, аймгийн хэвлэл мэдээллийн байгууллагууд оролцож бичгээр 30 иргэн асуулт, санал илэрхийлж, 11 иргэн амаар санал хүсэлтээ илэрхийлж асуулт асууж хариултаа авлаа. Хэлэлцүүлгээр тусгай зөвшөөрлийн хяналтыг сайжруулах, малчдын мал бэлчээрлэх болон газар тариалан эрхлэх газар нутгийг тодорхой болгох гэсэн зарчмын саналууд иргэдийн дундаас гарч байв. Ажлын хэсэг иргэдээс гарсан тодорхой саналуудыг нэгтгэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөнд тусгахаа илэрхийлж цаашид хариуцлагатай ил тод уул уурхай эрдэс баялгийн салбарт бүхий л талаар иргэдтэй хамтран ажиллах шаардлагатай гэдгийг тодотголоо.

2026 оны 02 дугаар сарын 11-13-ны хооронд 21 аймагт тус хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар нээлттэй хэлэлцүүлгүүд үргэлжилж байна.

2026.02.12

Эх сурвалж 

Төрийн захиргааны удирдлагын газар

Олон нийт, хэвлэл мэдээлэл хариуцсан ахлах ажилтан Э.Батжаргал

Утас:51-263922

2026-02-12