“Уурхайчдын өглөө” уулзалтыг зохион байгууллаа

Ашигт малтмал, газрын тосны газрын Уул уурхайн хэлтсээс санаачлан сар бүр ашигт малтмалын төрлөөр төрөлжүүлэн аж ахуйн нэгжүүдтэй уулзалт хийхээр төлөвлөн 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдөр эхний уулзалтыг зохион байгууллаа.

Энэ удаагийн уулзалтад Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны төлөөлөл болон  алт олборлогч 40 аж ахуй нэгжийн төлөөллийг урьж оролцуулж тулгамдаж буй асуудлыг сонсож, шийдвэрлэх арга замын талаар санал солилцов. 

Тус уулзалтаар:

-       Орон нутагтай хамтран ажиллахад тулгарч байгаа асуудлууд;

-       Орон нутгийн иргэдэд геологи, хайгуулын ажлыг сурталчилж таниулах чиглэлээр арга хэмжээ зохион байгуулах;

-       Эдийн засгийн хувьд ашигтай төслийг төрөөс ажиллах нөхцөлөөр хангах;

-       АМНАТ-ын төлбөрийн тодорхой хувийг орон нутгийн төсөвт оруулах байдлаар зохицуулалт хий

-       Төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах,

-       Орон нутгийн төрийн байгууллагуудын холбогдох мэргэжилтнүүдийг чадавхжуулах;

-       Алт-3 хөтөлбөрийн хүрээнд алтны шороон ордуудын үйл ажиллагааг дэмжих;

-       Алт-3 хөтөлбөрийн хүрээнд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны оролцоог нэмэгдүүлэх;

-       Химийн бодис ашиглаж байгаа аж ахуйн нэгжийн татан авалт дээр дэмжлэг үзүүлэх;

-       Түлшний хязгаарлалтад өртөж байгааг анхаарах;

-       Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулиар ашиглах боломжгүй болсон нөөцийн асуудлыг хуульд өөрчлөлт оруулах замаар шийдвэрлэх зэрэг олон асуудлыг хөндлөө.

 

Алт олборлогч аж ахуйн нэгжүүдтэй уулзалт хийж, тэдний үйл ажиллагааны нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлыг сонсож, шийдвэрлэх талаар санал авч, боломжтой асуудлыг хуулиар олгогдсон чиг үүргийн хүрээнд шийдвэрлэх, бусад асуудлыг холбогдох байгууллагад уламжлахаар боллоо.

 

“Уурхайчдын өглөө” уулзалтыг ашигт малтмалын төрлөөр нь ангилан төрөл тус бүрд 20-40 аж ахуйн нэгж байгууллагыг хамруулж сард нэг удаа зохион байгуулах юм.





  

АШИГТ МАЛТМАЛ, ГАЗРЫН ТОСНЫ ГАЗРЫН

УУЛ УУРХАЙН ХЭЛТЭС

Эх сурвалж:
Уул уурхайн хэлтэс
Техник-эдийн засгийн үндэслэл хариуцсан мэргэжилтэн  Б.Баярбилэг

Утас:99269555

2025-12-17