Хэвлэлийн бага хурлын мэдээ
Өнөөдөр Ашигт малтмалын газрын хурлын танхимд 16:00 цагт хэвлэлийн бага хурал зохион байгууллаа.
Хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаарыг цахим хэлбэрээр 2015.01.26-ны өдрөөс эхлэн олгож эхэлсэнээс хойш нийт 1,703 аж ахуйн нэгж Ашигт малтмалын газарт бүртгүүлээд байна. Нийт бүртгүүлсэн аж ахуйн нэгжүүдийн 1,626 нь дотоодын хөрөнгө оруулалттай, 62 нь гадаадын 100 хувийн хөрөнгө оруулалттай /БНХАУ-28, Сингапур-9, Австрали-4, Канад-5, Люксенбургийн вант улс-3, бусад-13/, 15 нь хамтарсан хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд байна.
2015 оны 09 дүгээр сарын 25-ны байдаар цахим хэлбэрээр 2,595 өргөдлийн дугаар олгосон бөгөөд үүнээс 1,357 өргөдлийг хүлээн авч шүүлт хийсэн. Ингээд Ашигт малтмалын тухай хуулийн дагуу хянан үзэж 490 тусгай зөвшөөрөл шинээр олгосон ба тусгай зөвшөөрөл олгох боломжтой 446 өргөдлийг холбогдох аймгийн Засаг даргаас санал авахаар мэдэгдэл хүргүүлээд байна.
Улсын төсөвт энэ оны 01 дүгээр сарын 01-нээс 09 дүгээр сарын 28-ныг хүртэл тусгай зөвшөөрлийн төлбөрөөр 28.0 тэрбум төгрөг, үйлчилгээний хөлсний төлбөрөөр 991 сая төгрөг, хайгуулын тусгай зөвшөөрлийн эрх олгох үйлчилгээний хөлсөөр 1.4 тэрбум төгрөг, өргөдлийн дугаар олгох цахим системд нэвтрэх эрхийн төлбөр 1.7 тэрбум төгрөг, нийтдээ 32.1 тэрбум тэрбум төгрөг төвлөрүүлсэн байна.
2015 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хайгуулын тусгай зөвшөөрлийн өргөдлийн дугаарыг цахимаар олгох явцад систем гацсан бөгөөд шалтгааныг тогтоохоор Тагнуулын ерөнхий газар, тус байгууллагын харъяа Кибер аюулгүй байдлын газар, Ашигт малтмалын газар, Үндэсний дата төв болон Эрүүгийн цагдаагийн газрын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг ажиллаж, шуурхай арга хэмжээ авсан.
ТЕГ-ын харьяа Кибер аюулгүй байдлын газраас системд шалгалт хийсэн бөгөөд эцсийн дүгнэлтээр системийн кодод алдаа гарсан учраас системийн 2 дугаар сервер унтарч, ассан. Санаатай хүний хүчин зүйлээс шалтгаалсан буюу халдлагын шинж чанартай зүйл байхгүй гэж дүгнэсэн.
Системийн хэвийн ажиллагааг бүрэн хангаж, 2015 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хайгуулын тусгай зөвшөөрлийн дугаарыг цахимаар олгох ажил амжилттай явагдсан.
Ашигт малтмалын тухай хуулийн 19.12, 20.1, 24.2, 26.9, 49.7, 60.9-д заалт, Засгийн газрын 2014 оны 239 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн нэр бүхий 10 талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтыг 2015 оны 08 дугаар сарын 25 –ны өдөр зарласан.
Сонгон шалгаруулалтад оролцох саналыг 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 17:00 цаг хүртэлх хугацаанд Ашигт малтмалын газрын 207 тоот өрөөнд Сонгон шалгаруулалтын комиссын нарийн бичгийн даргад биечлэн хүлээлгэн өгөхөөр саналын урилганд заасан. Өөрөөр хэлбэл аж ауйн нэгжүүд саналаа Сонгон шалгаруулалтын урилга олон нийтэд мэдээлэгдсэн өдөр буюу 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс урилганд заасан эцсийн хугацааны хооронд ирүүлэх боломжтой.
Тус саналыг хүлээн авах ажлыг будлиантай явуулсан, аж ахуйн нэгжүүдийн шударгаар өрсөлдөх эрх ашгийг боогдуулсан, эсвэл бусад аж ахуйн нэгжүүдэд давуу эрх олгосон гэх мэдээлэлд Ашигт малтмалын газрын зүгээс дараах няцаалтыг хийж байна:
Нэгдүгээрт, Уул уурхайн сайдын 2015 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 10 дугаар тушаалаар “Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам” батлагдсан. Энэхүү журамд Уул уурхайн сайдын 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 126 дугаар тушаалаар нэмэлт өөрчлөлт оруулсан бөгөөд уг өөрчлөлтийн Хууль зүйн яаманд бүртгүүлсэн. “Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ын шинэчлэгдсэн хувилбарыг байгууллагын цахим хуудсанд байршуулсан бөгөөд Уул уурхайн сайдын дээрх тушаалуудыг www.legalinfo.mn цахим хуудаснаас харах боломжтой.
Хоёрдугаарт, аж ахуйн нэгжүүдийн ирүүлсэн санал журамд заасан шаардлагад нийцэж байгаа эсэхийг шалгаж бүртгэлийн дэвтэрт бүртгэн, санал хүлээн авсан тухай тодорхойлолт өгөхөд дунджаар 5 минутын хугацаа зарцуулагдсан. Зарим аж ахуйн нэгж 2-3 талбайд санал ирүүлснээс шалтгаалан 10-15 минутанд саналыг бүртгэсэн.
Гуравдугаарт, тухайн сонгон шалгаруулалтын эхний саналыг 2015 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 09 цаг 55 минутанд, сүүлчийн саналыг 2015 оны 09 сарын 25-ны өдрийн 17 цаг 00 минутанд бүртгэсэн. Сонгон шалгаруулалт зарласан 10 талбайд нийт 24 аж ахуйн нэгжийн 28 санал бүртгэгдсэн байна.
АШИГТ МАЛТМАЛЫН ГАЗАР