Д.Даваабаяр: Хийн түлшийг хэрхэн аюулгүй хадгалж, тээвэрлэх, ашиглахыг сургалтаар зааж байна

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Ашигт малтмал, газрын тосны газраас “Монголын хийн түлшний холбоо” ТББ болон БНСУ-ын Хийн аюулгүй байдлын корпораци(KGS)-тай хамтран Хийн түлшний аюулгүй ажиллагаа “Gas Safety 2024” сургалтыг өнөөдөр /2024.10.24/ зохион байгууллаа. 

Энэхүү сургалтад Зам, тээврийн яам, Онцгой байдлын ерөнхий газар, Тээврийн цагдаагийн алба зэрэг байгууллагын чиг үүргийнхээ хүрээнд оролцож, хэрэглэгч аж ахуйн нэгж байгууллагуудад хийн түлшний хэрэглээ, аюулгүй ажиллагааны талаар мэдлэг, мэдээлэл өгөв.

Энэ үеэр АМГТГ-ын Газрын тосны бүтээгдэхүүний хэлтсийн дарга Д.Даваабаяр "Улаанбаатар хотын агаарын бохирдлыг эх үүсвэрээр нь ангилсан судалгаанаас харахад 80 хувь нь гэр хорооллын айл өрхийн яндангаас, 10 хувь нь авто тээврийн хэрэгслээс, 6 хувь нь цахилгаан, дулааны станцуудаас, үлдсэн хувь нь бусад эх үүсвэрээс байгаа юм.

Гэр хорооллоос ялгарч буй агаарын бохирдлын хэмжээг бууруулахын тулд хийн халаалт, бойлертой хийн эх үүсвэрээр дулаан хангамжаа шийдвэрлэх зайлшгүй шаардлагатай байна. Энэ чиглэлээр эхнээс нь ажлуудыг хийгээд явж байна. Тухайлбал нийслэлийн хэмжээнд 80 гаруй байгууллага хийгээр халаалтаа шийдсэн бөгөөд үүний 30 орчим нь сургууль, цэцэрлэг байгаа юм.Цаашид ч манай улсад хийн хэрэглээ нэмэгдэх учир энэ салбарт мөрдөгдөж буй эрх зүйн орчин, хяналтын тогтолцоог сайжруулах, оролцогч талуудын чиг үүргийг тодорхой болгох, хийн түлшийг хэрхэн аюулгүй хадгалах, тээвэрлэх, ашиглахыг тодорхой болгох үүднээс өнөөдрийн сургалтыг зохион байгуулж байна" гэдэг мэдээллийг өгсөн юм.



СХД-ийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагч Г.Цогтсайхан "Ахуйн хэрэглээнд өрхийн хувьд авч үзэхэд иргэдийн гаргаж буй нийтлэг алдаа нь хийн баллоноо халаах хэрэгсэлтэй ойр тавьдаг, бэхэлгээгээ хийдэггүй, ил байрлуулдаг, жийргэвч, резин холболтууд бүрэн бус хийдэг зэрэг юм. Иймд иргэд эдгээр болон хийн хангамжийн барилга байгууламж зураг төслийн дагуу баригдсан эсэх, хий алдагдлыг мэдрэгч байрлуулах, сав баглаа боодол, анхааруулах тэмдэг тэмдэглэгээг сайтар шалгах болон сургалтад хамрагдсан байх хэрэгтэй. Орон сууцны зоорины болон нэг давхарт үйлчилгээ эрхэлж буй аж ахуй нэгжүүдийг түлхүү анхаарах шаардлагатай байдаг. Учир нь эдгээр ААН-үүд зөвхөн өөрсдийн үйлчилгээг эрхлэхээс гадна давхар оршин суугчдын аюулгүй байдлыг хангах шаардлагатай учраас холбогдох норм стандартуудыг баримтлах ёстой"-г сануулав.


Аюултай ачаа тээвэрлэх зохицуулалтын талаар Зам тээврийн яамны Автотээврийн бодлого зохицуулалтын газрын ахлах мэргэжилтэн З.Чүнсэрээ "Аюултай ачаа тээвэрлэхэд 2009 онд баталсан Хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд аюул учруулж болзошгүй аюултай ачаа тээвэрлэх журмыг баримтална. Аюултай ачаа тээвэрт тавигдах ерөнхий шаардлагуудыг дагахын зэрэгцээ замын хөдөлгөөний нийтлэг дүрмээ мөрдөнө.

Зам тээврийн яамнаас техникийн шаардлага хангаж байгаа эсэх дээр дүгнэлт гаргадаг. Үүн дээр нэмээд аюултай ачаа тээвэрлэх тээврийн хэрэгсэл жилд нэг удаа техникийн хяналтын үзлэгт ордог байсан бол одоо жилд хоёр удаа ордог болох зохицуулалтын төслийг боловсруулаад явж байна. Засгийн газрын тогтоолоор батлуулахаар яамдаас санал аваад явж байна. Ирэх сар гэхэд батлагдчихна. 2025 оноос хотын хэмжээнд аюултай ачаа тээвэрлэх зохицуулалтыг шинэчлэх нөхцөлийг бүрдүүлэхээр Засгийн газрын үйл ажиллагааны бүтцэд тусгасан" гэж ярилаа.


Эх сурвалж: Gogo.mn