Геологийн салбарын 85 жилийн ой тохиож байна

Монгол Улсад Геологийн салбар үүсэж хөгжсөний 85 жилийн ой энэ онд тохиож буй. Түүхт ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал өнөөдөр (2024.10.17) Чингис хаан музейд болж байна. 

Эрдэм шинжилгээний хурлыг нээж, УИХ-ын гишүүн Б.Уянга, Үндэсний геологийн албаны дарга Б.Мөнхтөр, Монголын геологийн холбоодын нэгдсэн зөвлөлийн дарга Т.Мөнхбат нар үг хэлж, нийт геологич, уул уурхайн салбарынханд мэндчилгээ дэвшүүлэв.

УИХ-ын гишүүн Б.Уянга "Монгол Улсыг бүхэлд нь төрөл бүрийн харьцаатай геологийн судалгаанд хамруулж чадсан олон судалгаа бий. Үүний үр дүнд Монгол орны хэмжээнд ашигт малтмалын чиглэлээр ерөнхий зүй тогтлыг гаргаж, илрүүлэхээс гадна 80 гаруй төрлийн ашигт малтмалын 1600 гаруй ордыг нээж илрүүлсэн. Өнөөдөр энэ танхимд цугласан эрхэм геологичид энэ үйл хэрэгт түүхэн гавъяатай” хэмээгээд салбартаа өнөөдрийг хүртэл ажиллаж, үйл хэргээ үргэлжлүүлж буйд нь талархал илэрхийллээ. 

Үндэсний геологийн албаны дарга Б.Мөнхтөр "Бид Геологийн албыг бэхжүүлэх ёстой. Ер нь салбар цаашдаа яаж явах юм гэдгийг урт хугацааны бодлогын зорилтуудтай уялдуулж маш тодорхой болгох ёстой. Энэ асуудлыг ойрын хоёр жилдээ УИХ-аар шийдүүлэхийг зорьж ажиллана. Цацсан шагай шиг байгаа энэ салбарыг буцааж нэгтгэн, институтийг зөв зохион байгуулалтад оруулахаар ажиллана. Салбарын хэмжээний судалгааны ажлыг эрчтэй, системтэйгээр үе шаттай хийж гүйцэтгэнэ” гэв.


Монголын геологийн холбоодын нэгдсэн зөвлөлийн дарга Т.Мөнхбат "Монголын геологийн холбоодын нэгдсэн зөвлөлийн зорилгоо нэгтгэж, олон ажлууд хийхээр төлөвлөөд байна. Судалгаа, шинжилгээний ажлуудыг салбарын мэргэжилтнүүд өөрсдийн хичээл зүтгэлээр гүйцэтгэж, салбарынхаа мэргэжлийн түвшнийг ахиулж, олон улсын харилцааг өргөжүүлэх дүр зураг ажиглагдаж байна” хэмээлээ.

Эрдэм шинжилгээний хурал 17:30 цаг хүртэл үргэлжилнэ. Маргааш (2024.10.18) ойн арга хэмжээний Баярын хурал Соёлын төв өргөөнд 12:00 цагаас эхлэнэ.