Мэндчилгээ

Эх орныхоо эрдсийн баялгийг нээн илрүүлж, түүнийг ард иргэдийнхээ тусын тулд хэрэглэх эхлэлийг тавилцаж, хангай, говь, тал хээрээр гэр хийж, анхдагчийн хүнд хэцүү боловч нэр хүндтэй үйлсийг бүтээж буй Монголын бүх үеийн геологичдод болон геологийн салбарт ажиллаж буй нийт ажиллагсдад Монгол улсад үндэсний геологийн алба үүсч хөгжсөний 76 жилийн ойн баярын мэндийг хүргэе.

Манай оронд үндэсний  геологийн алба үүсч хөгжиж ирсэн энэ түүхэн 76 жилийн хугацаанд геологи, уул уурхайн салбар манай орны аж үйлдвэрийн бие даасан томоохон салбар болж өнөөдөр Монгол Улсын нутаг дэвсгэр бүхэлдээ ямар нэг геологийн судалгаанд хамрагдаж чадсаны үр дүнд манай орны ашигт малтмалын тархалтын ерөнхий зүй тогтлууд илэрч, олон арван орд газрууд нээгдэн ашиглагдаж байгаа бөгөөд цаашид ч шинээр нээн илрүүлэх боломж бүрдээд байна.

Монгол Улс өөрийн эрдэс баялгийн асар их баялгийг нээн илрүүлэхээр дэлхийн тэргүүний дэвшилтэт техник, технологи ашиглан геологийн судалгааны ажлыг чанарын болон мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэж байгаа бөгөөд улс орныхоо цаашдын хөгжилд хувь нэмэр оруулахаар Геологичид маань итгэл төгс ажиллаж байна.

Эрхэм хүндэт үе үеийн геологичид Та бүхэн, та нарын гэр бүлд Монголын геологичдын өдрийг  тохиолдуулан ажил, амьдралын хамгийн сайн сайхныг хүсч, ганзага тань шинэ шийдэл, шинэ олдвороор үргэлж  дүүрэн байхын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье.

АШИГТ  МАЛТМАЛЫН  ГАЗАР