БНСУ-ын МИРЕКО болон Нэксжио ХХК-тай хамтын ажиллагааны санамж бичгийг байгууллаа
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ашигт малтмалын газрын дарга Д.Үүрийнтуяа болон тус газрын удирдлагын багийн зарим төлөөлөл Солонгосын Уул уурхайн Нөхөн Сэргээлтийн Корпораци Миреко, “Нэксжио” ХХК-уудтай 2015.10.16-ны өдөр Вонжу дахь төв оффист “МУ-ын Ашигт малтмалын болон уул уурхайн нөхөн сэргээлт, эвдрэлийн мэдээлэлжүүлэлтийн систем байгуулах төсөл”-ийг хамтран хэрэгжүүлэх санамж бичиг байгууллаа.
Энэхүү санамж бичгийн хүрээнд талууд 3-н хэмжүүрт хэмжилт болон модулийн хосолмол технологийг ашиглан МУ-ын ашигт малтмалын болон уул уурхайн нөхөн сэргээлт, эвдрэлийн судалгаа хийх, одоо үйл ажиллагаа явуулж буй уурхайн мэдээллийн сан байгуулах, налуулгийн тогтворжилтын мониторинг хийх зэрэг олон төрлийн ажлуудыг хийж гүйцэтгэх төлөвлөгөөтэй байна.
Мөн түүнчлэн МИРЕКО-гийн зүгээс “Энэ удаагийн санамж бичгээр дамжуулан Солонгосын уул уурхайн нөхөн сэргээлтийн технологийг хөгжиж буй бусад орнуудад дамжуулах, мэдээлэл, харилцааны дэвшилтэт технологи бүхий манай улсын дотоодын аж ахуй нэгжүүд хилийн чанадад гарахад тодорхой хэмжээгээр хувь нэмэр оруулах болно” гэдэгт найдаж байна хэмээжээ.
Нөгөөтэйгүүр, “Нүүрсний салбарыг өргөжүүлэх хилийн чанад дахь сүлжээг бий болгох төсөл” (INFOCIA 2015)-ийн хүрээнд Солонгос улсад албаны айлчлал хийж буй МУ-ын Ашигт малтмалын газрын дарга Д.Үүрийнтуяа хэлэхдээ: Энэ удаагийн санамж бичгээр дамжуулан Солонгос улсын мэдээлэл, харилцааны технологи болон уул уурхайн нөхөн сэргээлтийн арвин их туршлага дээр үндэслэн МУ байгаль орчинд ээлтэйгээр ашигт малтмалын нөөцөө ашиглах тал дээр ахиц гарна гэдэгт найдаж буйгаа цохон дурьдлаа.
Солонгосын уул уурхайн нөхөн сэргээлтийн корпорацийн гүйцэтгэх захирал Ким Иг Хуан, МУ-ын Ашигт малтмалын газрын дарга Д.Үүрийнтуяа, Нэксжио ХХК-ийн гүйцэтгэх захирал Юүн Үн Сан нар төслийн санамж бичиг байгуулсны дараа.