БНСУ –ын Нүүрсний корпорацитай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

МУ-ын  Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ашигт Малтмалын Газар болон БНСУ-ын Нүүрсний Корпораци хооронд 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдөр нүүрсний салбарын хөгжилтэй холбоотой технологи солилцоо, байгаль орчны нөхөн сэргээлт, мэргэжилтэн бэлтгэх зэрэг асуудлаар хамтран ажиллах Санамж бичиг байгуулав.

Уг арга хэмжээнд АМГ-ын дарга Д.Үүрийнтуяа болон тус газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Н.Алтанцог, Нүүрсний хэлтсийн дарга Б.Алтсүх, Солонгосын талаас Нүүрсний Корпорацийн захирал  Гвон Хёг Сү болон тус байгууллагын төлөөлөлүүд оролцов.

БНСУ-ын Нүүрсний Корпораци нь 1950 онд байгуулагдсан улсын байгууллага бөгөөд одоогийн байдлаар 3 уурхай эзэмшихийн сацуу, Монгол Улсад Хотгор шанага нүүрсний уурхайг 2011 оноос эхлэн ашиглаж байна.

Энэхүү Санамж бичгийг байгуулснаар нүүрсний ашиглалт олборлолтоос үүдсэн байгаль орчны асуудал, аюулгүй ажиллагаа болон технологийн салбар дахь 2 байгууллагын харилцаа хамтын ажиллагаа идэвхжиж, уул уурхайн тогтвортой хөгжилд зохих ёсны хувь нэмрээ оруулна гэж  үзэж байна.