Монгол орны нутаг дэвсгэрийн хэмжээнд  1950-1990 онуудад гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлын тайлан, материалууд  ОХУ-ын “Росгеолфонд”-д хадгалагдаж байсан бөгөөд түүний эхний хэсэг болох 70 тайланг манай улсын хүсэлтээр шилжүүлсэн байна. Энэхүү тайлан материалыг өнөөдөр  Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазарт хүлээлгэн өгсөн юм. 

Хоёр орны геологийн салбарын хамтын ажиллагааны хүрээнд олон жил яригдаж, өнөөдрийг хүртэл шийдвэрлэгдээгүй олон жил болсон геологийн судалгааны ажлын тайлан, материалыг ийнхүү хүлээлгэн өгсөн нь  чухал үйл явдал гэдгийг онцлоод сайд Д.Сумъяабазар талархал илэрхийлэв. Тэрбээр “Монгол орны нутаг дэвсгэрт хуучнаар ЗХУ-ын геологийн экспедицийн  гүйцэтгэсэн геологийн судалгааны тайлангуудыг тухайн цаг үеийн нөхцөл байдлаас болж Улсын геологийн фондод тушаагдаагүй байсан. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон холбогдох газрууд ОХУ-ын холбогдох байгууллагуудтай хамтран ажилласнаар тухайн тайлан, материалуудыг өнөөдөр хүлээн авч байна.Эдгээр тайлан, материалуудыг  Монгол улсын геологийн мэдээллийн санд бүртгэгдснээр  манай улсын геологийн ашигт малтмалын салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах нь дамжиггүй бөгөөд Монгол орны геологийн шинжлэх ухаан, эрдэс түүхий эдийн салбарт чухал мэдээлэл болно" гэв.

Мөн УУХҮ-ийн сайд  Д.Сумъяабазар хэлсэн үгэндээ эдгээр тайлан материалууд нүүрс, газрын тос, алт, жонш, уран зэрэг олон арван ашигт малтмалын чиглэлээр мэдээллийн санг арвижуулан баяжуулсан, эрдэс баялгийн түүхий эдийн сан хөмрөгийг нэмэгдүүлсэн, эдийн засгийн хүндрэлтэй өнөөгийн үед геологийн салбарт гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татах нөхцөл бүрдүүлсэн түүхэн ач холбогдолтой арга хэмжээ болж байгааг онцлон хэлсэн юм.

АМГТГ