Канадын Хайгуулчид Олборлогчдын Холбоо (PDAC)-ноос зохион байгуулсан Эрдэс баялгийн салбарын хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт, үзэсгэлэн яармагт оролцлоо

Канад улсын нийслэл Торонто хотод 2018 оны 03 дугаар сарын 04-нөөс 07-ны хооронд Канадын Хайгуулчид Олборлогчдын Холбоо (PDAC)-ноос зохион байгуулсан Эрдэс баялгийн салбарын хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт, үзэсгэлэн яармагт тус агентлагийн Эрдэс баялгийн асуудал эрхэлсэн орлогч дарга М.Энхжаргал, Хууль эрхзүйн хэлтсийн дарга Ж.Батмагнай, Эрдэс баялгийн мэдээллийн технологийн төвийн ахлах ажилтан Н.Мөнхбилэг нар оролцлоо.

Чуулга уулзалтын үеэр 200 гаруй хөрөнгө оруулагчид, геологи, уул уурхайн салбарын мэргэжилтнүүд оролцсон уул уурхайн салбарын гадаадын хөрөнгө оруулагчдад Монгол Улсыг сурталчлах зорилго бүхий MONGOLIA@PDAC-2018 форум зохион байгуулсан бөгөөд форумыг нээж УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар, Канад Улсын Олон улсын худалдааны сайдын Парламентын нарийн бичгийн дарга Памела Гоулдсмит Жонес нар үг хэлэв.

УУХҮЯ, АМГТГ, “Рио Тинто” групп, “Эрдэнэс Монгол” ХХК, Канадын уул уурхайн ханган нийлүүлэгчдийн холбоо, Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг хайгуулын компанийн төлөөлөгчид танилцуулга хийв.

Форумын үеэр УУХҮ-ийн сайд, УИХ-ын зарим гишүүд, Монголын Бизнесийн Зөвлөл, Канад Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд, “Монголын Хөрөнгийн Бирж” ТӨХК-ийн төлөөлөл оролцсон хэлэлцүүлэг хийж, Монгол Улсын уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын хөрөнгө оруулалтын орчны өнөөгийн байдал, цаашдын хандлага, хууль эрх зүйн орчны өөрчлөлтийн талаар ярилцаж, санал бодлоо солилцлоо. Оролцогчдын тоо өмнөх жилүүдээс өссөн нь хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж, Монгол Улсад үйл ажиллагаа явуулах сонирхол нэмэгдэж байгааг харуулсан үзүүлэлт боллоо гэж оролцогчид дүгнэв.

Түүнчлэн дээр дурьдсан төлөөлөгчдийн бүрэлдэхүүн Торонто хотод болсон Эрдэс баялгийн салбарын хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтын үеэр түүнтэй зэрэгцэн ОХУ, Канад улс болон Евразийн бизнесийн зөвлөл /CERBA/-ийн зохион байгуулсан “Евразийн уул уурхайн чуулга уулзалт 2018”-д 03 сарын 06-ны өдөр Монгол улсыг болон агентлагийг төлөөлөл оролцож өнгөрсөн 2017 оны Монгол улсын геологи, уул уурхай газрын тосны салбарын үйл ажиллагааны талаар илтгэл тавин хэлэлцүүлсэн.

Уг арга хэмжээнд ОХУ-аас Канад улсад суугаа элчин сайд Александр Дарчиев, БНКазУ-аас Канад улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Констатин Жигалов, БНУзбекУ-аас АНУ, Канад улсуудад хавсран суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Жавлон Вахабов, Армени улсаас Канад улсад суугаа элчин сайд Левон Мартиросян, ОХУ-ын Байгалийн баялаг ба экологийн яамны орлогч сайд Евгений Киселев, Эдийн засгийн хөгжлийн яамны Европ, Америкийн газрын орлогч дарга Дмитрий Сажин зэрэг албаны төлөөлөгчид болон геологи хайгуул, уул уурхай, хөрөнгө оруулалтын болон банк санхүүгийн чиглэлийн ААН-үүд гэх мэт 100 гаруй төлөөлөгчид оролцсон томоохон арга хэмжээ боллоо.

АМГТГ