Монгол улсад Уул уурхайн салбар үүсч хөгжсөний 95 жилийн ой, уурхайчдын баярын мэндчилгээ
Монгол Улсын эдийн засгийн суурь, хөгжлийн үндэс болсон Уул уурхайн салбарын 95 жилийн ойн мэндийг үе үеийн уурхайчид, салбарын нийт хамт олон, эрдэмтэн судлаачид та бүхэндээ Ашигт Малтмал Газрын Тосны Газрын нэрийн өмнөөс болон хувиасаа хүргэе.
Ардын Засгийн газрын шийдвэрээр 1922 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Налайхын нүүрсний уурхайн ашиглалтыг улсын мэдэлд авснаар Монгол Улсад уул уурхайн салбар үүсч, хөгжсөн түүхтэй. Салбарын түүхийн үе үеийн томоохон төлөөлөл болох Налайх, Шарын гол, Багануур, Адуун чулуун, Шивээ овоогийн нүүрсний уурхайнууд, Эрдэнэт, Бор-Өндөр, Бороо, Оюу толгойн уулын баяжуулах үйлдвэрүүд зэрэг том бүтээн байгуулалт, тэдгээрийг дагасан хот, суурингууд бол уул уурхайн салбарын эрдэмтэд, инженерүүдийн шийдлээр, гадаад дотоодын хөрөнгө оруулагчдын дэмжлэгтэйгээр, уурхайчид, туслан гүйцэтгэгчдийн гараар бүтээгдсэн нийгмийн баялаг гэдгийг хэлэхэд таатай байна.
Төрийн бодлого, хууль эрх зүйн хэрэгжилтийг хангуулах, аж ахуйн нэгж, байгууллагууд болон салбарын хүрээнд үйлдвэрлэл үйл ажиллагаа эрхлэгчдэд төрийн үйлчилгээг хүнд сурталгүй, хөнгөн шуурхай үзүүлэх, ил тод, хариуцлагатай, уул уурхайг хөгжүүлэхэд манай байгууллага онцгой анхааран ажиллаж байна. Гадаад дотоодын хөрөнгө оруулагчдад уул уурхайн салбарын холбогдолтой бүх төрлийн мэдээллийг дэлхийн аль ч газраас олж үзэж танилцах боломжийг хангах үүднээс манай байгууллага мэдээллийн сангуудын мэдээллийг нэгтгэн боловсруулж Монгеокат системийг нэвтрүүлсэн бөгөөд цаашид байгууллагын эрхэлсэн чиг үүргийн хүрээнд хөрөнгө оруулагчдад нээлттэй хамтран ажиллах болно.
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэм хэмжээг сахиж, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх үүргээ марталгүй ил тод, хариуцлагатай уул уурхайн зарчмыг хэрэгжүүлэх, улс орноо хөгжүүлэх арвин их үйлсэд нь амжилт хүсч, манай хамт олон та бүхний мэргэжлийн дотны зөвлөгч, хамтрагч байх болно гэдгээ дахин илэрхийлье.
Монгол Улсын эдийн засгийн тэргүүлэх салбарын гол хөдөлгөгч хүчин болсон эрхэм уурхайчин та бүхэндээ тэр дундаа оны хөдөлмөр зүтгэлээрээ шалгарсан салбарын бүх шилдэгүүддээ дахин баяр хүргэж ажлын амжилт хүсье.
Монгол Улсын уул уурхайн салбар цаг үеийн олон хүнд шалгуурыг даван туулж улсын эдийн засгийн тэргүүлэх салбар болтлоо хөгжиж ирсэн 95 жилийн түүхэн улбаагаараа цаг үеийн хямрал, зах зээлийн хүндрэлийг ажралгүй гэтлэн, тасралтгүй өөдлөн дэвжиж, урагшлан хөгжинө гэдэгт итгэлтэй байна.
Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.
АШИГТ МАЛТМАЛ, ГАЗРЫН ТОСНЫ
ГАЗРЫН ДАРГА Х.ХЭРЛЭН