Улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэж буй геологийн судалгааны ажлын чанар ба үр дүн

УУХҮЯ, АМГТГ, МҮГХ хамтран зохион байгуулдаг "Улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэж буй геологийн судалгааны ажлын чанар ба үр дүн" сэдэвт 2017 оны хэлэлцүүлэг 12 дугаар сарын 08-ны өдрийн 09.00-13.00 цагт ШУТИС-ийн Төв номын сангийн байрны 604 тоот хурлын танхимд болов.

Хэлэлцүүлэг хөтөлбөрийн дагуу явагдаж төсвийн хөрөнгөөр гүйцэтгэж буй геологийн судалгааны ажилд тулгарч буй асуудлуудаар тодорхой санал дэвшүүлэн ярилцав.

Хэлэлцүүлэгт УУХҮЯ-ны ГБГ, АМГТГ-ын ГХХ, ЭБМТ, МҮГХ, ШУА-ийн ПГХ, ШУТИС-ийн ГУУС, МУИС, МСК, МГХ, МГеофХ, АМГТГ-т хэрэгжиж буй КИГАМ төсөл зэрэг байгууллагууд, ГСТ, Магмамайнс, Мөнхийн Вулкан, Демон Инженеринг, Судалт Мана, Минторес, Эрээн Чулуу, Геомастер Инженеринг, Экотехпроект, Алтайн Хар Азарга Групп, Гео-Эрин, Их Цог Өндөр, Магнетик Сурвей, Гурванталст, Гурван Үндэс, Террасиид, Мадерланд, ГТЛ, Геосан, Ханлаб, Найманбат зэрэг ААН, компаниудын төлөөлөл оролцов.

Хэлэлцүүлгийн гол үр дүн нь улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх геологийн судалгааны ажил хууль эрх зүйн өөрчлөлтэй холбогдон нэмэгдэх хандлагатай энэ цаг үед судалгааны ажил чанартай үр дүнтэй хийгдэх ёстой, “ТӨРӨӨС ЭРДЭС БАЯЛГИЙН САЛБАРТ БАРИМТЛАХ БОДЛОГО”-ын баримт бичгийн 2.1.3-т төрийн байгууллага, аж ахуйн нэгж нээлттэй, ил тод, хариуцлагатай байх гэж заасны дагуу хариуцлагагүй, чанаргүй ажил гүйцэтгэгч нарыг хээрийн шуурхай хяналт, хээрийн материал хүлээн авах актыг үндэслэн нээлттэй мэдээлж хариуцлага тооцож байх, Монголын Региональ Стратиграфийн ангилалын төслийг салбарын яамнаас Шинжлэх Ухаан Технологийн Сангийн шугамаар хэрэгжүүлэх саналыг боловсролын яаманд хүргүүлэх, гүйцэтгэгч ААН-үүдийн боловсон хүчний чадвар, чадавхийг дээшлүүлэх үүднээс төлөвлөгөөт сургалтуудыг жил бүрийн тогтсон хугацаанд салбарын яам, агентлаг, Монголын Стратиграфийн Комисс, их дээд сургууль, ПГХ хамтран явуулж зардлыг хяналтын 2%-иас гаргаж байхаар тогтсонд оршиж байна.

Хэлэлцүүлгийн зөвлөмжийн төслийг оролцогсод ба мэргэжлийн холбоодоос дахин санал авч эцэслэн салбарын яам, агентлаг, төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжүүдэд хүргүүлэн үйл ажиллагаанд нь мөрдүүлэн ажиллахаар тогтов.