Монгол улсын ерөнхий сайд Ж.Эрдэнэбат дорнод аймагт ажиллах үеэрээ газрын тосны олборлолт явуулж байгаа “Петрочайна дачин тамсаг “ компанийн үйл ажиллагаатай танилцлаа
1993 онд Америкийн “Соко интернешнл” компани Дорнод аймгийн Тамсаг булагт Газрын тосны хайгуул, өрөмдлөг хийж эхэлсэн юм.
2005 онд БНХАУ-ын төрийн 100 хувийн хөрөнгө оруулалттай “Петрочайна Дачин Тамсаг” компани Монгол Улсын Засгийн газраас Америкийн “Соко интернешнл” компанитай байгуулсан бүтээгдэхүүн хуваах гэрээний эрх үүргийг шилжүүлэн авснаар Дорнод аймгийн Матад, Халхгол сумдад газрын тос олборлох үйл ажиллагаа эхэлсэн байна.
Тухайн үед МУ-ын Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбат энэ нутагт хүрэлцэн очиж, Монголчууд элбэг баян амьдрахын билэг ерөөлийг бадраан, оргилон гарч буй газрын тосны дээжээр энгэрээ мялааж байсан нь түүхэн үйл явдал болон үлджээ.
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Дорнод аймагт ажиллах үеэрээ бүтээгдэхүүн хуваах гэрээт “Тамсаг 21” талбайд газрын тосны олборлолт явуулж байгаа “Петрочайна Дачин Тамсаг” компанийн үйл ажиллагаатай танилцлаа. Уулзалтын үеэр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат бүтээгдэхүүн хуваах гэрээг цаашид тогтвортой үргэлжлүүлэх ёстой, Засгийн газар хөрөнгө оруулагчид хүнд суртал гаргаж, ажлыг чирэгдүүлэхгүй байх болно гэдгийг онцоллоод энэхүү гэрээг 2014 онд шинэчлэгдэн батлагдсан Газрын тосны тухай хуульд нийцүүлэх, 2 тал харилцан ашигтай хамтран ажиллах шаардлагатай болохыг компанийн удирдлагуудад сануулж, цаашид энэ тал дээр анхаарч ажиллах байр сууриа илэрхийллээ.
“Петрочайна Дачин Тамсаг” компани Тосон-Уул-19, Тамсаг-21, Буйр-22 талбайд нийтдээ 2,4 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийжээ.
УИХ-аас 2016 оны Төсвийн тухай хуулиар Газрын тосны экспортын орлогоос улсын төсөвт 265 тэрбум төгрөгийг төвлөрүүлэхээр хэлэлцэн баталсан. Монголын газрын тосны экспортын орлогыг бүрдүүлэхэд “Петрочайна Дачин Тамсаг ” компани гол үүрэг гүйцэтгэсээр ирсэн. 1998 оноос хойш тус компани 4 сая орчим тонн газрын тос экспортлож, улсын төсвийг бүрдүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулсан юм. Энэ онд 1 сая 300 мянган тонн түүхий тос олборлож, экспортлох төлөвлөгөөтэй ажиллаж байгаа бөгөөд одоогийн байдлаар Тосон-уулын-19 талбай 382 цооногоор, 1500 тонныг олборлон Сүхбаатар аймгийн Бичигтийн боомтоор, Тамсагийн 21-р талбайн 227 цооногоор 1600 гаруй тонныг олборлон Дорнод аймгийн Халхгол сумын Баянхошууны боомтоор экспортлож байна.
“Петрочайна Дачин тамсаг” компани үйл ажиллагааны төлөвлөгөөг 2041 он хүртэл гаргажээ. Үүнээс товч дурдвал Тосон уулын газрын тосны ордын ашиглалтын хугацаанд нийт 1638 цооногоор 20 сая тонн газрын тосыг 2039 он хүртэл, Тамсгийн орд газраас 1136 цооногоор газрын тос олборлох хугацаандаа 100 км цахилгааны шугам, 60 км хатуу хучилттай автозам, ажилчдын амьдарч ажиллах үйлдвэрлэлийн суурин, ус ус зайлуулах, гал түймэртэй тэмцэх, хатуу хог хаягдал боловсруулах байгууламж, шатахуун түгээх станц зэрэг олон бүтээн байгуулалт өрнүүлэн, 2041 он хүртэл нийтдээ 40 сая гаруй тонн газрын тос олборлохоор төлөвлөөд байна.
Петрочайна Дачин тамсаг” компанийн томоохон бүтээн байгуулалтууд өрнөсөөр байна. Чойбалсан хотоос Тосон уул-19 талбай хүртэл 110 киловаттын хүчин чадалтай 188 км цахилгааны шугам, Тосон-уулаас Тамсагийн 21-р талбай хүртэл 93 км нийтдээ 300 орчим км цахилгааны шугам татаж ашиглалтанд оруулжээ. Авто замын хувьд 2010 онд Бичигтийн боомт хүртэл 74 км сайжруулсан хайрган зам, 2011 онд мөн нэмж 65 км-ийг барьж нийтдээ 139 юм хайрган зам барьж улсын комисст хүлээлгэн өгчээ. Одоо ч энэ замаар газрын тосны тээвэрлэлт тасралтгүй, аюулгүй явагдаж байна. Үүнээс гадна 2009 онд Баянхошуу- Өвдгийн хилийн боомтын чиглэлд 210 км хатуу хучилттай зам барих хөрөнгө мөнгийг нь шийдэж, 2 удаа тендэр зарласан ч оролцсон компаниуд шаардлага хангаагүй байна. Энэхүү замыг 4 багцад хуваан эхний 2 багцын ажлыг БНХАУ-ын “Дачин ойлфийлд” компани 104 км-ын замын барилгын ажлаа дуусгаад байна. Үлдсэн 2 багцын барилгын ажлыг Монголын аж ахуйн нэгжүүд хийхээр шалгарч, одоогийн байдлаар 52 км замын суурийн далангийн ажлыг хийж дуусгасан талаар “Петрочайна Дачин Тамсаг” компаниин Ерөнхийлөгч Zhang Wensheng танилцууллаа.