М.Батбаяр: Бид 78 жилийн хугацаанд чамлахааргүй амжилттай ажиллаж ирсэн
АМГТГ-ын Геологи, хайгуулын хэлтсийн дарга М.Батбаяр
-Юуны өмнө танд Монгол Улсад геологийн алба үүсч, хөгжсөний 78 жилийн ойн баярын мэнд дэвшүүлье.
-Баярлалаа. Монгол Улсын геологийн түүхийг бичиж ирсэн, бичилцэж яваа, бичилцэхээр бэлтгэгдэж буй үе үеийн геологичид доо Геологийн салбарын 78 жилийн ойн баярын мэнд хүргье!
-Геологийн судалгааны өнөөгийн байдал ямар түвшинд байна вэ?
-Монгол Улсын геологийн судалгааны төвшинг ярихын тулд бид эхний ээлжинд геологийн шинжлэх ухааны талаар иргэдийн ойлголтын талаар ярих хэрэгтэй болов уу гэж бодож байна. Геологийн шинжлэх ухаан нь байгалийн танин мэдэхүйн шинжлэх ухаан юм. Бидний оршин байгаа дэлхий болон бусад гариг эрхэсийн талаар судалдаг гэж хэлэхэд болно. Аливаа шинжлэх ухааны нээлт болон судалгаа нь аливаа юмс үзэгдэл болон хөгжлийг харьцуулан судлах зарчмаар хөгжиж ирсэн. Хүн анх үүссэн цагаасаа эхлээд чулууг өөрийн хэрэгцээнд ашиглаж ирсэн. Хүн төрөлхтөн хөгжих тусам чулуулагт буй эрдэс баялгийг ашиглах, өөрийн амьдран буй орчныг танин мэдэх хүсэлдээ тэмүүлсэн тэр тэмүүлэл нь геологийн шинжлэх ухааныг бий болгох хөгжүүлэхэд түлхэц болсон. Дэлхийн царцдас давхарга түүний дотор орших халуун хайлмагийн хөдөлгөөн, дэлхийн цөмийг судлахад геологийн шинжлэх ухаан чухал үүрэг гүйцэтгэсэн байдаг. Түүнтэй холбоотойгоор дэлхийн царцдас буюу чулуулаг давхаргын (хавтангийн) шилжилт хөдөлгөөн, түүнд орших эрдэсийн хуримтлалыг судалж тогтоох, эрт галавт явагдаж байсан геологийн түүхийг, амьтан ургамлын орчин, түүгээр ч үл барам тухайн цаг үеийн байгалийн орчин байдлыг тогтоох, хурдасын өгөршил зөөгдөл, усны хуримтлалын орчин, зөөгдөл зэргийг судалдгаараа маш том шинжлэх ухаан юм, дотроо ч олон салбартай байдаг.
-Өнөө цагт манай улсын иргэдийн ихэнх нь дээр дооргүй геологи гэж ярихад уул уурхай гэж ойлгодог?
-Энэ нь нэг талдаа зөв, нөгөө талдаа зөрүүтэй ойлголт юм. Уул уурхай нь геологийн салбартай нягт холбоотой нь үнэн.Гэхдээ аливаа зүйлийн суурь юу вэ гэдгийг мэдэх хэрэгтэй юм. Анх манай улс чөлөөт зах зээлийн нийгэм рүү орох үед хуучин систем нурахтай холбоотойгоор манай салбар руу анхаардаг төрийн бодлого суларч, бүх хамтарсан судалгааны экспедици, ангиуд тарж, ихэнх геологичдын хувьд ажил төрөлгүй болж, улс маань санхүүгийн хүндрэлтэй байдал руу орсон. Тэр үед төр засагт нэг харагдаж байсан боломж нь хамгийн хурдацтай мөнгө олох боломж нь алтны шороон орд байлаа (Алт хөтөлбөр эхэлсэн). Бараг энэ үеэс тусгай зөвшөөрөл анх олгогдож ихэнх геологичид маань алт болон бусад ашигт малтмал олборлох уул уурхайн салбарт ажиллаж эхэлсэн. Ихэнх хүмүүс ашигт малтмалаар мөнгө олж болох талаар ойлголттой болохын хамт геологи гэдэг бол уул уурхай юм байна гэж дээр дооргүй ойлгодог болсон. Гэтэл энэ маань өөр. Бид өнөөгийн байдлаар 1960 оноос 1980 оны төгсгөл хүртэл манай ахмад үеийн геологичид, хуучнаар ЗХУ-ын геологичид болон Социнтерний орнуудын геологичдын хамт олж тогтоосон алт болон бусад ашигт малмалтын орд илрэлүүд дээр ажиллаж олборлож байна гээд хэлэхэд нэг их буруудахгүй байх. Сүүлийн 27 жил тэр үед тогтоосон шороон ордууд нь бараг дуусч байна.Геологийн судалгаа нь аливаа хөгжилтэй улс орнуудад 10-20 жилийн түрүүнд байдаг.Манай улсын хувьд 20-р зуунд тийм л байсан. Өнөө цагт бид бүгд өөрийн хүчээр хийх гэж оролдож байгаатай холбоотойгоор манай улсын хувьд ярихад энэ нь арай өөр, яагаад гэвэл газар нутаг том, Төв Азийн Атриат бүсэд оршдог, хүн ам цөөн үүнтэй холбоотойгоор геологийн нарийн мэргэжлийн хүн дутмаг, гэх мэт асуудлууд байгаа. Гэхдээ бид бас 78 жилийн хугацаанд чамлахааргүй амжилттай ажиллаж ирсэн гэж би боддог.
-Энэ талаар жаахан дэлгэрүүлж ярихгүй юү?
-Манай улс нийт нутаг дэвсгэрээ 1:200 000 масштабтай геологийн зураглалаар бүрэн бүрхсэн, 1:50 000 масштабтай геологийн зураглал, ерөнхий эрлийн ажлаар манай улсын нийт талбайн 33.7 хувийг бүрхээд байна. Цаашилбал, гидрогеологийн судалгааг нийт нутгийн 84 хувьд, мөн50-иад хувьд геофизикийн судалгааны (агаарын соронзон, цахилгаан, чичирхийлэл, соронзон) ажлаар бүрхээд байна. Мөн анх1945 оноос 1990 он хүртэл хийгдсэн манай улсын болон ЗХУ-ын геологичдын газрын тосны эрэл хайгуулын ажлын үр дүнгээр нийт 32 газрын тосны талбай ялгаж үүнээс одоо 22 талбайд хайгуулын ажил явагдаж байна. Гурван талбайд газрын тосны хайгуулын нөөцийг ЭБМЗ-өөр хэлэлцүүлж батлуулаад ашиглаж байна.Өнөөгийн байдлаар нийт нутгийн 272890 км2 талбайд 1:200000 масштабын хүндийн хүчний судалгаа, 77630 км2 талбайд соронзон хайгуул, 210 физик цэгт пассив сейсм, 33494 туушкм 2 хэмжээст чичирхийллийн судалгаа, 6274км2 талбайд 3 хэмжээст чичирхийллийн судалгаа, 21990 км агаарын градиометрийн судалгаа, хайгуул, үнэлгээ, олборлолтын1537 цооног өрөмдсөн. Газрын тосны хайгуул, ашиглалтын үйл ажиллагаанд нийт 3,45 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгдсэн. Мөн 2014 онд батлагдсан газрын тосны тухай хуулийн дагуу гадаад, дотоодын аж ахуйн нэгжүүдтэй газрын тос, уламжлалт бус газрын тосны эрлийн гэрээ байгуулагдсан. Энэхүү гэрээт талбайнуудад 4000 км геологийн маршрут, 7250 км2 талбайд геологийн судалгаа, 12717 км2 талбайд хүндийн хүчний судалгаа, 1600 км2 талбайд соронзон хайгуул, 713 тууш км 2 хэмжээст чичирхийллийн судалгаа, 12 цооног өрөмдөж, нийт 10,87 саяам.долларын ажил хийгдсэн байдаг.
-Тэгэхээр манай улс ямар ч байсан газрын тосны сав газруудыг олж тогтоон, газрын тосны нөөцийг олсон, бас газрын тосны боломжит нөөц байж болох сав газрыг тогтоосон юм байна?
-Тийм ээ. Эдүгээ ч хайгуулын ажил үргэлжилж байна. Уламжлалт бус газрын тосны хувьд шатдаг занарын томоохон сав газрууд, нүүрсний сав газруудыг насны ангиллаар нь тогтоон нүүрсний давхаргын метан хийн эрэл хайгуулын ажлууд эхлээд байна. Би дээр хэлсэн нийт нутаг дэвсгэрийн 33.7 хувьд 1:50 000 масштабтай геологийн зураглал, ерөнхий эрэл үнэлгээний ажил хийгдсэн энэ геологийн ажлын хүрээнд нэлээд тооны ашигт малтмалын илрэл тогтоогдсон. Манай АМГТГ-ын зүгээс дээрх тогтоогдсон орд илрэлүүдийг үнэлэн, нийтэд сонгон шалгаруулалтаар өгч, нарийвчилсан хайгуулын ажлыг гүйцэтгүүлж, тайлан төлөвлөгөөг авч хянан, мөн нөөцийн үрдүнгийн тайланг авч ЭБМЗ-өөр батлуулан улсын нөөцийн санг арвижуулдаг.Жишээ нь, энэ жилийн 8-р сарын байдлаар ашигт малтмалын 70 ордын нөөцийг хүлээж аваадбайна. Дээрх миний ярьснаас дүгнэхэд үе үеийн геологичдын ажлын үр дүнд дээр дурдсан ажлуудыг гүйцэтгэсэн нь тийм ч чамлалттай гэж хэлэхгүй байх.Тийм дээ ч манай улс зэсийн 2 уурхай ашиглалтад ороод ажиллаж байна, газрын тосны 2 сав газар олборлолт хийж, нүүрсний томоос нь хэлвэл Тавантолгой, Багануур, Шивээ овоо ордуудыг ашиглаж дотоодын хэрэгцээг хангаад зогсохгүй гадаад руу гаргаж эх орны валютын санг аривжуулж төсөвт тэр хэмжээгээрээ хуримтлал бий болгож эх орны хөгжил цэцэглэлтэд хувь нэмэр оруулж байгаа нь геологичдын нөр их хөдөлмөрийн үр дүн билээ.Цаашид маш их судалгаа, эрэл, хайгуулын хийх ажил биднийг хүлээж байна. Аливаа улс орны бүтээн байгуулалтын ажил эхлэхийн өмнө инженер геологи, гидрогеологийн ажил зайлшгүй хийгддэг. Энэнтэй адил манай улсад энэхүү судалгааны ажил гүйцэтгэхэд геологичид оролцсоор ирсэн. Тийм ч учраас манай улсын геоморфологи, гидрогеологийн болон дөрөвдөгчийн судалгааны ажил эхлүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.
-Улсын төсвийн хөрөнгөөр хийгдэж буй геологийн судалгааны ажлын тухай тодорхой мэдээлэл өгөхгүй юү?
-Өнөөгийн байдлаар нийт улсын төсвийн хөрөнгөөр 1:50 000 масштабтай геологийн зураглал, ерөнхий эрлийн 30 төсөл хэрэгжиж байна. Мөн үүн дээр сэдэвчилсэн судалгааны Геомэдээллийн сан төсөл, Сансрын зургийн тайлалт-2013 төсөл, Баруун Монголын цул сульфидын хүдэржилт, түүний хэтийн төлвийн судалгаа, Монгол орны металлогени, ашигт малтмалын ордын төрлүүдийнтархалт, байршлын зүй тогтолын судалгаа, Улаанбаатар хотын геоэкологи, гидрогеологийн судалгаа, Налайхын районд гүйцэтгэх чичирхийлэлийн судалгаа-2017, Монгол орны төв болон зүүн бүсийн алтны хүдэржилт, хэтийн төлвийн судалгаа, Голлох ашиг малтмалын хэтийн төлөвийн судалгаа, Ашигт малтмалын төрөлжсөн судалгаанд сансрын зураг ашиглан тайлал хийх төсөл: Хамтарсан төслөөс Монгол улс, ОХУ, БНХАУ, БНСУ-ын “Хойт-Төв-Зүүн Азийн хамтарсан төслийн III үе шатны ажил, Цогтцэций-50 төсөл: Геофизикийн судалгааны Алтай-1 агаарын геофизикийн судалгаа, Алтай-2 агаарын геофизикийн судалгаа, Ховд-1 агаарын геофизикийн судалгааны төслүүд хэрэгжиж байна. Гэхдээ энэхүү УТХ-өөр хийж буй геологийн судалгааны ажилд зарим нэг дутагдалтай зүйлүүд ажиглагдаж байна.
-Жишээ нь?
-УТХ-өөр гүйцэтгэх геологийн судалгааны ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулалт учир дутагдалтай, шалгаруулалт явуулж буй комисст мэргэжлийн хүмүүс цөөн байдаг ба сонгон шалгаруулалтаар сонгогдсон аж ахуйн нэгж тухайн ажлыг гүйцэтгэхэд санхүүжилтээс шалтгаалан ажлын гүйцэтгэлд муугаар нөлөөлж байна.Төсөл хэрэгжүүлэгч зарим нэг ААН-д мэдлэг чадвартай боловсон хүчин дутагдалтай, төслийн багийн тогтвор суурьшилтай ажиллах нөхцлийг хангаж ажиллахгүй байгаагаас хээрийн судалгааны ажлын гүйцэтгэлд муугаар нөлөөлж байна. Төсөлтэй холбоотой талбайн хэмжээнд өмнөх судлаачдын хийгдсэн бүх төрлийн геологийн судалгааны ажлын тайлан материал, эрдэм шинжилгээний бүтээлүүдтэй танилцаж өөрсдийн судалгааны ажилдаа тусган ажиллахгүй байна. Мөн хээрийн болон суурин боловсруулалтын ажлын бэлтгэл дутуу, агаар, сансрын зургийн чанар муу, агаар, сансрын зургийн тайлалт чанаргүй, эрлийн талбай ялгасан үндэслэл муутай илрэл, эрдэсжсэн цэгийн гарал үүслийг геологи, тектоник, геодинамикийн нөхцөлтэй уялдуулан тайлбарлах, геохими, геофизикийн ажлын үр дүнг ашиглан дүгнээгүй, хэтийн төлвийг тусгаагүй, улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлын үр дүнгийн тайлан нь төсөл гүйцэтгэгч ААН-ээс геологийн даалгаварт заасан хугацаанд ирдэггүй, ЭБМЗ-ийн хуралдаанаар хэлэлцэгдэхгүй зэрэг дутагдлууд ажиглагдаж байна. Үүнтэй холбоотойгоор цаашдаа УТХ-өөр хэрэгжүүлэх төслүүдийг зөв сонгож, төлөвлөхөд анхаарах, сонгон шалгаруулалтын комисст мэргэжлийн хүмүүсийг бэлтгэж оруулах, хугацааг 1-р улиралд багтааж явуулдаг болгох, төслүүд түүний дотроос 1:50000-ны масштабтай ГЗЕЭА-ийн төслийн чанарыг сайжруулах талаар төсөл гүйцэтгэгч, эрдэмтэд, ШУ-ы байгууллага, мэргэжлийн холбоодтой хамтран ажиллах, төсөл, төсвийн тодотголыг аль болох түргэн хэлэлцүүлж батлуулдаг байх, төслийн ажлын гүйцэтгэл, тайлан боловсруулалтын чанарыг дээшлүүлэх зорилгоор явцын хяналтыг сайжруулах, зөвлөгөө өгөх, үүнд мэргэжлийн мэдлэг туршлагатай геологич, эрдэмтэд, багш нар, холбоодоос татан оролцуулах, боломжоор хангах, мэргэжлийн боловсон хүчин бэлтгэж байгаа их, дээд сургуулиудтай геологчдын мэдлэг боловсролыг дээшлүүлэх чиглэлээр хамтран ажиллах гэх мэт арга хэмжээг эхнээс авч ажиллаж байна.
-Уул уурхайн ялангуяа геологи, хайгуул хийх талаар төрөөс баримталж буй бодлогууд бодит амьдралдээр нийцэж байна уу? Геологичдод тулгамдаж асуудал нь орон нутагтайгаа ойлголцож чаддаггүй. Энэ асуудлыг шийдэх ямар гарц байна вэ?
-Орон нутагт гарч үл ойлголц нь би дээр хэлсэн, мөн тухайн ААН нь тухайн орон нутагт өөрсдийн ажлын талаар танилцуулахгүй байгаатай холбоотой юм. Тухайн орон нутгийн удирдлагууд ба байгал орчны байцаагч нь ААН-тэй тулж ажиллах, бие биендээ хяналт шаардлагыг зөв тавьж хуулийн хүрээндээ ажлаа гүйцэтгэхгүйгээс ийм асуудлууд гарч байна. Ер нь аль аль тал нь эрх зүйн талын мэдлэг багатай, тэр талаар орон нутгийн иргэдэд таниулах ажлыг орон нутгийн захиргааны болон бусад төрийн түшээд муу хийдэг үүнийг далимдуулан сонгууль болох үеэр аль нэг нам болон нэр дэвшигчид овжиноор ашиглан буруу суртчилгаа явуулдаг зэргээс орон нутаг аливаа геологийн үйл ажиллагаа явуулахад хүндрэл учруулдаг. Тиймийн учир төрийн удирдлагад ажиллаж буй хүмүүс энэхүү сурталчлах ажилд зөв талаас нь улс эх орныхоо ирээдүйг харж ярих нь чухал болов уу гэж бодож байна. Мөн тусгай зөвшөөрөл болон тухайн судалгааны ажил гүйцэтгэгч нь байгал орчин болон орон нутгийн иргэдтэй зөв харьцахаас л бүх зүйл эхлэнэ. Хэрэв энэ талд дээр зөв ажиллах юм бол бид бүгд монголчууд бид өөрсдийнхөө болон эх орныхоо ирээдүй болсон үр хүүхэд, тэдний цаашдын сайхан амьдрал, эх орныхоо ирээдүйн хөгжлийн төлөө, дэлхийд Монгол улсыг тэргүүлэх улс гүрэн болгохын төлөө гэдгийг ухаарч ажиллах нь хэтдээ сайн юм.
-АМГТГ-аас ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд хийгдэх хайгуулын ажлын жилийн төлөвлөгөө, хайгуул хийгдсэн жилийн тайланг цахимаар авч эхэлсэн. Энэ ажил үр дүнгээ өгч байна уу?
-Энэ жилээс хайгуулын тайлан, төлөвлөгөөг цахимаар авч эхэлсэн. Ер нь манай АМГТГ-аас олон нийтэд нээлттэй байх үүднээс байгууллагын цахим хуудсанд мэдээ мэдээллийг нээлттэй байлгах үүднээс маш ахицтай ажиллаж байгаа.Жишээ нь, хамгийн сүүлд “МонГеоКарт” төслийн хүрээнд ихэнх зураглалын тайлангийн голлох мэдээллийг гаргасан, мөн манай геологийн тайлан төлөвлөгөөний явцын мэдээлэл өдөр дутам мэдээлэгдэж байгаа эндээс тухайн ААН өөрсдийн тайлан төлөвлөгөөний талаар мэдээлэл авах боломжтой. Цаашдаа тухайн ААН-ийн хайгуулын ажлын анхдагч материалыг цахимаар авдаг болгохоор ажиллаж байна. Энэхүү ажил нь тухайн жилийн хайгуулын ажил үнэхээр хийгдсэн үү үгүй гэдэгт хяналт тавихад тустай нөгөө талдаа нийт улсын хэмжээнд тухайн чиглэлийн судалгааны нэгдсэн сантай болох, ажлын чанарын үзүүлэлт дээр хяналт тавих, зөвлөгөө өгөх, тухайн мужийн нэгтгэсэн зураг болон судалгааны чиглэлийг тодорхойлоход тус дэмтэй юм.
-Цахим бүртгэл саатаж, иргэдийг чирэгдүүлж буй асуудал нэг мөр шийдэгдсэн үү?
-Энэ талын ажлыг бол манай газарт Кадастрын хэлтэс голлон зохион байгуулж явуулдаг. Гэхдээ энэ тал дээр хувийн бодлоо хэлэхэд хэрвээ цахимаар тэр бүртгэлийг тухайн оролцогчид шударгаар өөрсдөө амьдаар бөглөж өгсөн бол энэ гацах саатах явдал гарахгүй байсан гэж боддог. Гэтэл тухайн үед тэр бүртгэлийн программд хурдан бүртгүүлэх программ гэгчийг программистууд гарган ирж, уралдаан болгон хувиргасан л даа. Энэ нь бол үнэндээ программ нь нэг удаадаа нэг биш 20, 30 өргөдлийн дугаар авах бүртгэлийг хийсэн юм шиг байгаа юм. Гэтэл хүлээж авч байгаа тал нь тэр ачааллыг нь даахгүй гацсан, жишээ нь тухайн программ руу орох оролт нь 6 байлаа гэхэд тэр лүү нь 20, 30-аараа дайраад орох гэж үздэг, бүр хуучнаар хэлвэл та бүхэн санаж л байгаа байх, оочерлон орж байтал гэнэт урдуур дайраад тэр нэг хаалгаар орох гэж дайн болдог байсантай адил л юм болсон доо. Ер нь бүр тэгж гацахгүй болгож болох л байх. Тэгэхийн тулд маш их мөнгө, цаг хугацаа шаардлагатай болох байх.Манай төсөвт тэр мөнгө, тэр хэмжээний интернэтийн хурд байхгүй л дээ. Одоо ТЕГ шалгаж байгаа гэсэн мэдээ надад байна даа.
-Сүүлийн жилүүдэд геологич мэргэжлээр суралцах элсэгчдийн тоо цөөрч байгаа мэдээлэл бий. Энэ талаар АМГТГ-аас ямар бодлого чиглэл баримтлан ажиллаж байна вэ?
-Энэ нь улс орны болон иргэдийн төлбөрийн чадвартай нэг талаараа холбоотой байх.Нөгөө талдаа сүүлийн жилүүдэд геологийн салбарт ажиллах хайгуулын чиглэлийн геологичид хангагдсантай холбоотой. Ихэнх иргэд геологич гэхээр зөвхөн ашигт малтмал гэж хардаг болсонтой холбоотой энэ нь цаанаа мөнгө л гэж хардаг юм шиг байгаа юм. Гэхдээ геологийн салбарт мэргэжилтэн дутмаг байгаа юу гэвэл тийм маш их дутмаг байна. Үүний учир нь манай геологийн салбарын нарийн мэргэжлийн судлаачид ба мэргэжилтэнгүүд дутмаг байна. Ер нь энэ тал дээр аль аль талдаа анхаарах цаг хэдийн болсон. Тэгээд ч манай улсын боловсролын салбар доголдсонтой шууд холбоотой, учир нь ахмад болон профессор багш нараа шууд хатуухан хэлэхэд сургуулиасаа хөөсөн,гадаадад төгссөн төгсөгчид нь өөрийн орны нутагт судалгааны ажил гүйцэтгээгүй буюу дадлагажаагүй ирээд Монгол орны геологитойгоо танилцсаар хугацаа алдах, тэгээд голдуу л хайгуулын чиглэлээр ажиллах сонирхол өндөр байдаг, Энэ асуудал нь салбарын хөгжилд муугаар нөлөөлж байна. Тиймээс улсын болон хувийн их дээд сургуульд энэ тал дээр ээ анхаарах болсон. Манай байгууллагын зүгээс их дээд сургуулийн багш нартай санал солилцож байгаа, мөн улсын төсвийн хөрөнгөөр сэдэвчилсэн судалгааны ажил жил болгон оруулж шинэ төсөл хэрэгжүүлж байна. Тухайн төслүүдэд шинэ боловсон хүчнийг оролцуулан ажиллуулах тал дээр анхаарч ажиллаж байгаа билээ.
-Өнөөдрийн байдлаар ашигт малтмалын хичнээн тусгай зөвшөөрөл олгогдсон байгаа вэ? Цаашид нэмэх үү?
-Өнөөдрийн байдлаар нийт 1700-гаад хайгуулын тусгай зөвшөөрөл олгогдоод байна. Өнөөдөр цаашдаа сонгон шалгаруулалтаар хайгуулын тусгай зөвшөөрөл олгогдсоор л байх болно. Учир нь би дээр хэлсэн УТХ-өөр 1:50 000 масштабтай ГЗЕЭА үргэлжлэн явагдахтай холбоотойгоор тухайн төслийн хүрээнд ялгагдсан илрэл болон эрдэсжсэн цэг, ордууд нэмэгдэнэ тэр хэмжээгээрээ сонгон шалгаруулалтын ажил хийгдсээр байх юм.
-Замбараагүй лиценз олголтоос болж байгаль орчин сүйдэж байгаад иргэд ихэд бухимдаж буйгаа илэрхийлсээр байна. АМГТГ-аас энэ дээр ямар арга хэмжээ авч байна вэ?
-Тийм ээ. Үүнтэй санал нэг байдаг. Гэхдээ бүгд тийм гэвэл бас өрөөсгөл ойлголт, зарим нэг хариуцлагагүй ААН болон тухайн орон нутгийн төрийн түшээдээс болж энэ асуудал гардаг. Ер нь бол аль аль нь хариуцлагатай байх ёстой. ААН бол эх орныхоо байгал орчинд өөрийн гэр орон мэт хандаж, ухсан нүх канав, орон нутагт хайрлан ажиллах хэрэгтэй. Мөн орон нутгийн албан тушаалтан ба иргэд хяналт тавин аливаа зөрчил дутагдалыг холбогдох төрийн байгууллагад мэдэгдэж тухай бүр нь хуулийн дагуу арга хэмжээ авхуулан байвал энэ асуудал аяндаа зөв голдиролдоо орно. Манай байгууллагын зүгээс жил болгон шуурхай хяналтын ажил гүйцэтгэж тухайн орон нутагын захиргаа болон иргэдээс мэдээлэл аван зөрчил дутагдалыг холбогдох төрийн байнууллагуудаар арга хэмжээ авахуулж, алдаа зөрчлийг арилган ажиллаж байна.
Манай улсын геологийн салбарын ирээдүйг би маш өөдөргөөр хардаг. Бид судалгаа шинжилгээ болон эрдэс баялагийг эрж хайх, геологийн салбар шинжлэх ухаанаар олон улсад тэргүүлэх орон болно гэдэгт хатуу итгэлтэйгээр ажиллаж байна.
Эх сурвалж: Геологи уул уурхайн мэдээ сонин