ГЕОЛОГИЧИД БАЯРЫН ӨДРӨӨРӨӨ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
Одоогоос 78 жилийн тэртээ БНМАУ-ын Засгийн газрын шийдвэрээр “Уурхай ба ашигт малтмалын трест”-ийг байгуулж, “Төрөл бүрийн үйлдвэрийн ашигт малтмалын түүхий эд хийгээд түүнчлэн алт болон бусад ашигт малтмалыг шинжлэн олох” асуудлыг хариуцуулсан нь өнөөгийн геологийн салбарын эхлэл байжээ.
Тэгвэл энэ ойн өдрүүдэд Монголын Геологийн холбоо, УУХҮЯ хамтран эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж байна. Хуралд салбар яамны удирдлагууд, эрдэмтэн багш нар, геологийн холбооны төлөөлөл, оюутнууд оролцож байгаа бөгөөд салбарын бодлого чиглэл, судалгаа ашигт малтмалын ордуудын хэтийн төлвийг тогтоох салбарын түвшинг дээшлүүлэх, улс орны эдийн засгийн чадавхыг нэмэгдүүлэх асуудлын талаар хэлэлцэж байгаа аж.
УУХҮЯ-ны Геологийн бодлогын газрын дарга Д.Ганбат Төрийн бодлогын хүрээнд Монгол Улсын Засгийн газраас Геологийн салбарт хийж байгаа шинэчлэл, авч буй арга хэмжээ сэдвээр, Ашигт Малтмал Газрын Тосны газрын дарга Б.Баатарцогт Геологийн салбарын бодлогын хэрэгжилт зарим тулгамдсан асуудлын талаар илтгэл тавьлаа. Хурал хоёр өдрийн турш үргэлжлэх юм.