МОНГОЛ УЛСАД ҮНДЭСНИЙ ГЕОЛОГИЙН АЛБА ҮҮСГЭН БАЙГУУЛАГДСНЫ 78 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН МЭНДЧИЛГЭЭ
Монгол Улсад үндэсний Геологийн Алба үүсэн байгуулагдсаны 78 жилийн ойг тохиолдуулан Геологи, эрдэс баялгийн салбарын хөгжилд хөдөлмөр бүтээл, зүрх сэтгэл, идэвхи чармайлтаа зориулж ирсэн манай ахмад үеийнхэн, эрдэмтэн судлаачид, тэдний үйл хэргийг залгамжлан яваа шинэ үеийн залуус, оюутнууд, нийт ажилтан ажиллагсад тэдний гэр бүлд Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ашигт малтмал, газрын тосны газрын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүлье.
Энэ хугацаанд Та бүхний цаглашгүй их хөдөлмөр, зүтгэлийн дүнд Монгол орны нийт нутаг дэвсгэрийн геологийн тогтоц улам бүр нарийвчлан судлагдаж байгаль дэлхийг танин мэдэх шинжлэх ухаанд суурилсан судалгаа өнөөгийн олон улсын түвшинд хүрчээ гэдгийг цохон тэмдэглэмээр байна. Өнөөдөр та бид Улсын нөөцийн нэгдсэн санг 70 гаруй төрлийн 2300 орчим ордын нөөцөөр бүрдүүлээд байгаа бөгөөд эх нутгийнхаа газрын хэвлийгээс улам их орд, илрэлийг олж нээн эрдэнэсийн санг арвижуулахаар яг энэ мөчид олон зуун геологичдын маань алхны тогшилт, өрмийн дуу Алтай, Хангай, Говь, хээрээр цуурайтсаар яваа.
Зөвхөн нэг зүйлийг дурьдахад Уул Уурхай Хүнд Үйлдвэрийн Яам, Ашигт малтмал газрын тосны газар хамтран үе үеийн геологичид та бүхний хөдөлмөр, бүтээлийг бодитоор үнэлэх боломжийг олгохоор ойлгомжтой, хялбар, нийтэд нээлттэй, хэрэглэгчийн хэрэгцээг хангасан мэдээллийг олон нийтэд таниулах, хөрөнгө оруулалтыг татах зорилгоор “Үндэсний геомэдээллийн сан” хөтөлбөрийг боловсруулахаар хичээн ажиллаж байна.
Монгол улсын хөгжлийн ирээдүйг тодорхойлогч эрхэм хүндэт геологичид, геофизикчид, өрөмдөгчид, гидрогеологичид, инженер геологичид Та бүхний ганзага үргэлжид шинэ олдвороор дүүрэн байхын өлзийтэй ерөөлийг дэвшүүлье.
АШИГТ МАЛТМАЛ, ГАЗРЫН ТОСНЫ ГАЗРЫН ДАРГА
Б.БААТАРЦОГТ