Газрын тосны бүтээгдэхүүний чанар, хангамж, хяналтын тогтолцоог сайжруулах төслийн явцтай танилцав

БНСУ-ын Олон Улсын Хамтын Ажиллагааны байгууллага КОЙКА, УУХҮЯ болон Сангийн яам хооронд байгуулсан “Монгол Улсын агаарын чанарыг сайжруулах хүрээнд эрчим хүчний эх үүсвэрийн чанарын тогтолцоо, чадавхыг бэхжүүлэх” төслийн хэлэлцээр (2021-2025)-ийн дагуу АМГТГ, БНСУ-ын Газрын тосны чанар хангамжийн газар (К-Петро) хамтран газрын тосны бүтээгдэхүүний чанар, хангамж, хяналтын тогтолцоог сайжруулах, мэдээллийн нэгдсэн систем бүрдүүлэх ажлыг хийж гүйцэтгэж байна.

Энэхүү төслийн хэрэгжилт, явцтай танилцах ээлжит хурал 2024 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр АМГТГ-ын Хурлын танхимд боллоо. БНСУ-ын Газрын тосны чанар хангамжийн газар (К-Петро)-ын төслийн удирдагч, хэрэгжүүлэгчид 2021 оны наймдугаар сарын 21-ний өдрөөс хойших төслийн явц, хэрэгжилт болон цаашид хийж гүйцэтгэхээр төлөвлөсөн ажлуудаа танилцуулж, АМГТГ-ын удирдлагуудтай санал солилцов.

 

Хуралд Ашигт малтмал, газрын тосны газрын Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Г.Мөнхсайхан, Газрын тосны бүтээгдэхүүний хэлтсийн дарга Д.Даваабаяр, Уул уурхай, газрын тосны төв лабораторийн /УУГТТЛ/ эрхлэгч Б.Сүнжидмаа болон холбогдох албаны хүмүүс оролцлоо.

Таван жилийн хугацаанд хэрэгжих тус төслийн хүрээнд УУГТТЛ-ийг шинэчлэн засварлаж байгаа бөгөөд засварын ажлын явц 60 хувьтай үргэлжилж байна. Мөн лабораторийн шинжилгээний тоног төхөөрөмж нийлүүлэх, шинжилгээ хийх шинжээч, мэргэжилтнүүдийг чадавхжуулах ажлуудыг төлөвлөн үе шаттайгаар хэрэгжүүлж байна.