Дизель түлшний импортын захиалга өсжээ
Уул уурхайн хүнд даацын машинуудын дизель түлшний нийлүүлэлт хомстсон асуудал өнгөрөгч сард гарсан. Тодруулбал, арванхоёрдугаар сарын 11-18-нийг хүртэлх хугацаанд уул уурхайн салбарын хэрэглэх шатахуунд хязгаарлалт хийсэн юм. Харин уул уурхайн компаниудтай зөвшилцсөний дараа дээрх арга хэмжээг авсан гэдгийг АМГТГ-аас мэдээллээ.
АМГТГ-ын Газрын тосны бүтээгдэхүүний хэлтсийн дарга Д.Даваабаяр “Арванхоёрдугаар сарын эхээр орон нутагт шатахууны хэрэглээ доголдсон. Мөн дизель түлшний нөөц бүрдүүлэлт саатсан нь гадаад хүчин зүйлээс шалтгаалсан. Тиймээс орон нутаг, малчид, иргэдийн дизель түлшний хэрэглээг хангах зорилгоор өнгөрөгч сард 8 хоногийн хугацаанд уул уурхайн салбарын хэрэглээг хязгаарлах арга хэмжээ авсан. Гэхдээ компаниудад дизель түлшний тодорхой хэмжээний нөөц байсан учраас дээрх шийдвэрийг гаргасан. Ингээд арванхоёрдугаар сарын 19-ний өдрөөс эхлэн уул уурхайн компаниудын нийлүүлэлт үргэлжилсэн. Одоогийн байдлаар компаниудаас гомдол, санал ирээгүй, нийлүүлэлт хэвийн үргэлжилж байна” гэлээ.
Уул уурхайн экспорт нэмэгдэхийн хэрээр 2023 онд дизель түлшний хэрэглээ 36 хувиар өсжээ. Тиймээс өсөн нэмэгдэж байгаа дээрх хэрэглээг хангахын тулд 2024 онд импортыг нэмэгдүүлэхээр төлөвлөн, ажиллаж байна. Энэ хүрээнд нэгдүгээр сард нийт 156 600 тонн дизель түлш авах захиалга өгчээ. Дээрх захиалгын 90 000 тонныг ОХУ-ын “Роснефть”, 30 000 тонныг “Нефть хими сервис” компаниас, БНХАУ-аас 36 600 тонн авах юм. Нэгдүгээр сарын 4-ний өдрийн байдлаар ОХУ-аас 2520, БНХАУ-аас 3135 нийт 5655 тонн дизель түлш импортоор орж ирээд байна.
эх сурвалж unuudur.mn