МЭНДЧИЛГЭЭ

МЭНДЧИЛГЭЭ

 

Монгол Улсын эрдэс баялгийн салбарын хөгжил, дэвшлийн өнөөгийн түүхийг хамтдаа бичилцэж буй салбарын нийт хамт олон, үе үеийн ахмадууд, эрдэмтэн судлаачид, залуу үеийнхэндээ болон нийт Монголын ард түмэндээ шинэ оны мэнд хүргэе.

Ашигт малтмал, газрын тосны газар нь “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Шинэ сэргэлтийн бодлого, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан эрдэс баялаг, геологи, хайгуулын салбарыг хөгжүүлэх зорилтуудыг баг, хамт олноороо амжилттай биелүүлэн ажиллалаа. 2023 оны улсын төсөвт 373.7 тэрбум төгрөгийг 12 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар төвлөрүүлэн бүртгэж, тайлагнажээ.

Шинэ ордын эрэл хайгуулын ажлыг зангидаж, төрийн бодлогын уялдааг нягт хангаж, 2022-2023 онд Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн ашигт малтмалын хайгуулын ажлын үр дүнгийн тайлан хэлэлцэх 12 удаагийн хуралдаанаар 68 тайлан хэлэлцэж, алт, нүүрс, зэс, жонш зэрэг голлох ашигт малтмалын ордын нөөцийг Улсын нөөцийн нэгдсэн бүртгэлд бүртгүүлжээ.

Түүнчлэн цар тахлын хямралыг даван туулах, эдийн засгийн суурийг тэлэх, "Алсын хараа-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас баталсан "Шинэ сэргэлтийн бодлого"-ыг амжилттай хэрэгжүүлж эхэлснээр 2023 оны 11 дүгээр сарын байдлаар 62.4 сая тонн нүүрс, 979 мянган тонн хайлуур жонш экспортолж, түүхэн дээд амжилт үзүүлжээ.

Мөн АМГТГ-ын Кадастрын хэлтсээс өнгөрсөн онд www.tender.gov.mn суурь бүтэц дээр нэмэлт хөгжүүлэлт хийлгэж, сонгон шалгаруулалтыг 100 хувь цахимаар зохион байгуулснаар 2.3 сая гектар бүхий 450 талбайг зарлаж, 1.1 сая гектор бүхий 209 хайгуулын тусгай зөвшөөрлийг олгож, улсын төсөвт 47.8 тэрбум төгрөг төвлөрүүлжээ. Цахим хэлбэрээр зохион байгуулснаар нэг жилийн хугацаанд хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлийн тоог нэмэгдүүлж, эрдэс баялгийн нөөцийг илрүүлэх боломж бүрдүүлснийг онцлоход таатай байна.

Өнгөрсөн 2023 онд бид олон чухал арга хэмжээнд оролцож, шинэ төсөл, хөтөлбөрүүд, Монгол Улсын ашигт малтмалын өнөөгийн нөхцөл байдлыг гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад танилцуулж, эдийн засгийг сэргээх, салбарын хөгжлийг хурдасгах чиглэлд хүчин чармайлт гаргаж ажиллав. Үүний нэг нь хоёр дахь жилдээ  зохион байгуулагдсан “Уул уурхайн 7 хоног” нэгдсэн чуулган байлаа. Тус чуулганд гадаад, дотоодын 3000 гаруй зочид, төлөөлөгч, хөрөнгө оруулагчид оролцож, Монгол Улсын ашигт малтмал, геологи хайгуул, газрын тос, өнгөт метал хийгээд өндөр технологийн түүхий эд зэрэг шинэ тутам сэдвүүдээр хэлэлцэж, олон төсөл, арга хэмжээг танилцуулсан билээ.

Тэрчлэн баруун, зүүн бүсийн чуулганыг хоёр дахь жилдээ амжилттай зохион байгуулж, орон нутгийн 700 гаруй иргэд, олон нийт, уул уурхайн компанийн төлөөллүүдтэй биечлэн уулзаж, төрийн бодлого, үйл ажиллагааны мэдээллээр хангаж, ажиллав.

Засгийн газрын 295 дугаар тогтоолын дагуу байгуулсан орон нутгийн төлөөлөгчийн газрын үйл ажиллагаа 2023 онд жигдэрч, төр, иргэн, аж ахуйн нэгж хоорондын мэдээллийн зөрүүтэй байдлыг арилгаж, нэгдмэл ойлголтод хүрч, салбар хоорондын уялдааг хангаж ажиллах боломжийг улам бэхжүүлснийг энд тэмдэглэмээр байна.

Хэдий бид амжилт, ололт ихтэй өнгөрсөн оноо үдэж буй ч алдаа дутагдал, засаж сайжруулах зүйлс ч байна. Тиймээс ирж буй шинэ ондоо улс эх орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах стратегийн чухал салбарынхаа үнэ цэнийг улам ихээр эрхэмлэж, нэр төртэй, хариуцлага өндөртэй байж, шинэ төсөл, шинэ ордын олон сайхан мэдээтэй байхын төлөө хичээж ажиллах болно.

Ингээд айлчлан ирж буй 2024 ондоо ажил үйлс нь өрнүүн их амжилтаар бялхаж, айл гэр бүхэнд аз жаргал бялхаж байхын өлзийтэй ерөөл дэвшүүлье.

 

Ашигт малтмал, газрын тосны газрын дарга            Л. Баярмандал