Монгол-Солонгосын хамтарсан газрын ховор металын судалгааны төвийг байгуулна

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн 2023 оны 02 дугаар сард БНСУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр Ховор металл нийлүүлэх сүлжээнд хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичгийг хоёр тал байгуулсан ба хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсад ховор металлын судалгааны төвийг байгуулахаар ажиллаж байна. 

Энэ ажлын хүрээнд Монгол-Солонгосын хамтарсан хорооны анхдугаар хурлыг өнөөдөр ГХЯ-ны Зөвшилцөл танхимд /2023.11.20/ зохион байгууллаа. Хурлаар Монгол орны ховор металлын нөөц, хэтийн төлөв, Монгол Улсын чухал ач холбогдолтой ашигт малтмалын чиглэлээрх хамтарсан төсөл, чухал ашигт малтмалын салбар дах БНСУ, Монгол улсын хоёр талт болон олон талт хамтын ажиллагаа, чухал ашигт малтмалын салбарын БНСУ, МУ-ын R&D хамтын ажиллагааны чиглэл “Ховор металлын хамтын ажиллагааны хамтарсан хороо”-ны үйл ажиллагааг хэлэлцэв.

Хамтарсан хорооны хуралд БНСУ-ын талаас Худалдаа, аж үйлдвэр, эрчим хүчний дэд сайд И Ху Хёнь (Hohyeon Lee), Гадаад харилцааны яамны Эрчим хүч, шинжлэх ухаан, гадаад  харилцааны хэлтсийн дарга Пак Сэ А, Худалдаа, аж үйлдвэр, эрчим хүчний яамны Нүүрс, ашигт малтмалын албаны дарга Dae-hwan Jung, КОМИР-ын Гадаад хамтын ажиллагааны газрын дарга Чой Сын Жинь, КИГАМ-ын дэд ерөнхийлөгч Ким Сэ Жүн, KИАТ-ын Аж үйлдвэрийн технологийн ХАЁТ-ын асуудал эрхэлсэн захирал Им Бён Хёг, Солонгосын эрчим хүчний технологийн үнэлгээний төвийн (KETEP) Эрчим хүчний дэд бүтэц аж үйлдвэрийн ерөнхий газрын дарга Ки Сон Ёоб болон бусад албаны төлөөлөл, Монголын талаас УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар, Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх Д.Дашням, УУХҮ-ийн сайдын зөвлөх Б.Уянга, Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Л.Баярмандал, Үндэсний геологийн албаны дарга Б.Мөнхтөр, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогт нарын төлөөлөл оролцож, “Геологийн судалгаа, шинжилгээний төв” ТӨҮГ-ыг түшиглэн байгуулагдах хамтарсан судалгааны төвийн төслийн талбайд ажиллалаа.

БНСУ-ын "Хөгжлийн албан ёсны тусламж (ODA)"-ийн санхүүжилтээр, БНСУ-ын Аж үйлдвэр, худалдаа, эрчим хүчний яам (MOTIE) болон Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам хамтран хэрэгжүүлж байгаа "Ховор металлд нэмүү өртөг шингээх, эргэлтэд оруулахад зориулсан Монгол-Солонгосын хамтарсан ховор металлын судалгааны төв байгуулах төсөл"-ийн анхны сургалтыг өнгөрөгч сард зохион байгуулаад байна.

БНСУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар байгуулах тус төвийн гүйцэтгэгчээр Солонгосын Геологийн шинжлэх ухаан, эрдэс баялгийн хүрээлэн /КИГАМ/ ажиллаж байна.