Зүүн бүс: Хариуцлагатай уул уурхайг эдийн засгийн тэргүүлэх чиглэл болгон хөгжүүлнэ

Уул уурхай хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал газрын тосны газар, Монголын уул уурхайн үндэсний ассоциаци, Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын үндэсний зөвлөл хамтран зохион байгуулсан “Хариуцлагатай уул уурхай” зүүн бүсийн өдөрлөг 2023 оны 11-р сарын 16, 17-ны өдрүүдэд Дорнод аймгийн Чойбалсан хотод амжилттай болж, өндөрлөлөө.

Эрдэс баялгийн салбарын ашиг тус, үр нөлөөлөл, ил тод байдлыг оролцогч талуудад зөвөөр хүргэх, хариуцлагатай уул уурхайн төслүүдийг олон нийтэд таниулах, оролцогч талуудын хамтын ажиллагааг сайжруулах зорилготой тус чуулганд Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн ЗДТГ, төрийн захиргаа, иргэний нийгмийн байгууллага, орон нутгийн иргэд болон тус бүсэд ашигт малтмалын хайгуул, олборлолтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллага тэргүүтэй 200 гаруй төлөөлөл оролцов.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Статистик, судалгааны хэлтсийн дарга Б.Дэлгэржаргал чуулганыг нээж хэлсэн үгэндээ “Уул уурхайн салбар Монгол Улсын эдийн засагт дотоодын нийт бүтээгдэхүүний 24 хувь, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 83 хувь, аж үйлдвэрийн салбарын 72 хувь, экспортын 94 хувийг дангаараа бүрдүүлж байна” хэмээгээд хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхэд төр, иргэний нийгмийн байгууллага, орон нутгийн иргэд, тухайн бүсийн уул уурхайн компаниуд мэдээллээ ил тод нээлттэй солилцож, нэгдмэл ойлголтод хүрч ажиллах нь чухал гэдгийг тодотгов.

Монголын Уул уурхайн үндэсний ассоциацийн Гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяа “Хариуцлагатай уул уурхайг хариуцлагагүй уул уурхайгаас ялгаж салгах нь чухал. Хууль тогтоомж, дүрэм журмын дагуу үйл ажиллагаа явуулж, нийгмийн хариуцлагын хүрээнд ил тод ажилладаг компаниудыг “Хариуцлагатай уул уурхай эрхлэгч” гэж кодексжүүлэх ажил амжилттай хэрэгжиж байна. Зүүн бүсэд, ялангуяа Дорнод аймагт уул уурхайн олборлох үйлдвэрлэл эрхэлж байгаа компаниуд кодексээ авсан” гэдгийг илтгэлдээ онцоллоо.

Зүүн бүсийн өдөрлөгт Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгийн Засаг дарга нар оролцож, аймаг, орон нутгийн хөгжлийн зорилт дахь уул уурхайг хөгжүүлэх үндсэн чиглэлүүдээ танилцуулсан юм. Мөн оролцогч талууд зүүн бүсийн уул уурхайн өнөөгийн байдлын хэлэлцэж, хууль тогтоомж, төрийн бодлогын хэрэгжилт, салбар хоорондын уялдаа холбоо, тэр дундаа орон нутагт уул уурхайг хөгжүүлэхэд тулгарч буй зарим саад бэрхшээлийн талаар нээлттэй ярилцлаа.

Энэ үеэр Ашигт малтмал газрын тосны газрын Газрын тос, бүтээгдэхүүний газрын дарга Б.Түвшинжаргал "Петро Чайна" компанийн бүтээгдэхүүн хуваах гэрээтэй холбоотой асуудлаар хэлэлцүүлэгт оролцогчдын асуултад хариулав. Тэрбээр “Тус компани Монгол улсын төсөвт нэг өдөрт нэг тэрбум төгрөг төвлөрүүлдэг. Байгаль орчны нөхөн сэргээлт, ажиллах хүч гэх мэт иргэний нийгмийн байгууллагуудын тавьж байгаа шаардлагыг хуулийн дагуу шийдэх ёстой гэдгийг бид дэмждэг. АМГТГ-аас иргэний нийгмийн байгууллага, орон нутгийн иргэдтэй хамтарч ажиллахад үргэлж нээлттэй” гэдгийг цохон тэмдэглэв.

Мөн энэ өдөр Зүүн бүсэд ашигт малтмалын хайгуул, олборлолтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Степ голд” компанийн Ерөнхийлөгч Ц.Бямбацэрэн, “Цайрт Минерал” ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Батхүү,  “Шинь шинь” ХХК-ийн гүйцэтгэх захирал Сун Гүй Мин нар хариуцлагатай уул уурхайн жишиг төслүүдээ танилцуулж, илтгэл тавьсан юм.

Монгол Улсын ДНБ-ий таван хувийг зүүн бүс бүрдүүлдэг бөгөөд алт, нүүрс, жонш, холимог металл, төмрийн хүдэр, газрын тосны чиглэлээр компаниуд олборлолт, баяжуулалт, экспортын үйл ажиллагаа явуулдаг. Тэдгээрийн нэг “Степ голд” ХХК-ийн үйл ажиллагаатай оролцогчид газар дээр нь танилцаж, мэдээлэл, туршлага солилцсоноор “Хариуцлагатай уул уурхай” зүүн бүсийн чуулган өндөрлөлөө.