Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас  ОХУ-ын Красноярск хотод байрлах Сибирийн холбооны их сургуульд суралцах сонгон шалгаруулалт зарлагдлаа.

Сибирийн холбооны их сургуульд  (СибФУ) 2024-2025 оны хичээлийн жилд дараах чиглэлээр бакалаврын сургалтад нийт 30 оюутан сонгон шалгаруулж, суралцуулна. Үүнд:

  • Металлургич /төмөрлөгийн инженер/
    • Технологийн процесс, үйлдвэрлэлийн автоматжуулалт /металлургийн салбарт/
    • Хөдөлмөр хамгаалал, байгаль орчны аюулгүй ажиллагаа
    • Материалын шинжлэх ухаан, материалын технологи

ОХУ-ын Красноярск хотод байрладаг Сибирийн холбооны их сургууль (СибФУ)‌ нь ОХУ-ын ТОП 15 их сургуулийн нэг бөгөөд 2006 онд Красноярск хотын 4 их сургуулийг нэгтгэн байгуулсан Холбооны 10 их сургуулийн нэг юм. Тус сургууль нь 20 гаруй салбар сургуультай, 40 орчим мянган оюутан, 3000 гаруй багш судлаачтай ба 84 чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг байна.

Сонгон шалгаруулалтыг ОХУ-ын РУСАЛ компани санаачлан зохион байгуулж, төслийн зардлыг хариуцна. Тус компани нь хөнгөн цагаан үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч компанийн нэг юм.

Сонгон шалгаруулалтад оролцогчдод тавигдах шаардлага

  • Монгол Улсын иргэн байх;
  • ЕБС-ийн 12 дугаар анги төгссөн, дүнгийн голч оноо 3-аас  дээш, 25 нас хүрээгүй байх;
  • Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1, 2 дугаар ангид суралцагч;
  • Сүүлийн 2 жилийн хугацаанд Улс, олон улсын математик, физик, химийн олимпиадын шагналт байранд орсон оролцогчид сонгон шалгаруулалтад давуу эрхтэй болно.

Бүрдүүлэх баримт бичиг

  • Өргөдөл (дээрх 4 чиглэлийн ямар мэргэжлээр сурах талаар өргөдөлд тусгах)
  • Суралцаж буй сургуулийн тодорхойлолт;
  • Дүнгийн хуулбарын эх хувь /голч дүнтэй/;
  • Бүрэн дунд боловсролын гэрчилгээ, дүнгийн хавсралтын нотариатаар баталгаажуулсан хуулбар;
  • ЭЕШ-ын батламж;
  • Өргөдөл гаргасан өдрөөс хойш 1.5 жилээс доошгүй хугацаанд хүчинтэй байх гадаад паспортын хуулбар;
  • Иргэний үнэмлэхийн хуулбар;
  • Цээж зураг;
  • Олимпиадад оролцож байсан бол шагналт байранд орж байсныг нотлох баримт бичиг, сертификат.

Бүртгэл

Сонгон шалгуулалтад оролцох иргэд 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн  09.00 цагаас 12 дугаар сарын 01-ний өдрийн 23.59 цаг хүртэл https://forms.gle/9uNPWjazBaDCrTEQ8 линкээр бүртгүүлж, дээрх баримт бичгүүдийг бүрэн хавсаргана.

Өргөдөлд дурдсан баримт бичиг тус бүрийг PDF /1 файлын хэмжээ 5Mb-аас ихгүй байх/ хэлбэрээр хавсаргана.

Шалгалтын комиссын гишүүд нь Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас байгуулагдсан ажлын хэсэг, ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны эрх бүхий төлөөллөөс бүрдэнэ.

Элсэгчдэд олгох боломж, давуу талууд

ОХУ-ын РУСАЛ компани сонгон шалгаруулалтад тэнцсэн иргэдийн суралцах хугацааны ОХУ-д боловсрол эзэмших ба оршин суухтай холбоотой дараах зардлыг хариуцна. Үүнд:

  • 2024 оны 01 дүгээр сараас 7 сарын хугацаатай  орос хэлний бэлтгэл ангид суралцах сургалтын төлбөр;
  • 2024 оны 9 дүгээр сараас бакалаврын өдрийн хөтөлбөрөөр суралцах сургалтын төлбөр;
  • Суралцах хугацааны байрны зардал;
  • Суралцах хугацааны эрүүл мэндийн даатгал;
  • Сар бүр 18 000 рублийн амьжиргааны тэтгэлэг;
  • Монголоос ирж, очих зардал;
  • Өвлийн хувцасны төлбөр 2 жилд 1 удаа олгоно.