Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн өргөтгөсөн хурал боллоо

Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн СТР/23-03 дугаар өргөтгөсөн хуралдаан 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын хурлын танхимд боллоо.

Хурлаар Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутагт орших Зөөвч-Овоо, Дулаан-Уулын Ураны ордуудыг газар доор уусгах аргаар олборлох, боловсруулах үйлдвэрийн ТЭЗҮ (тодотгол)-г хэлэлцэв.

Хуралд, гүйцэтгэгч Уул уурхайн хүрээлэн болон захиалагч Франц-Монголын хамтарсан “Бадрах-Энержи” компанийн удирдлага, мэргэжилтнүүд оролцож, Эрдэс баялагийн мэргэжлийн зөвлөлийн гишүүдэд ТЭЗҮ-ний тодотголыг танилцууллаа.

Энэ үеэр АМГТГ-ын дарга Л.Баярмандал 13 чиглэл бүхий саналыг хэлж, шинжээчдийн шүүмжийг танилцуулав. Мөн Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн гишүүд ТЭЗҮ-тэй холбоотой асуулт асууж, санал, шүүмж хэлэлцүүлэн, захиалагч, гүйцэтгэгчдээс тодруулга авсан юм.

Ийнхүү гишүүд уг асуудлыг хэлэлцэн, ТЭЗҮ-г хэсэгчлэн хүлээн авч, эдийн засгийн тооцоо, үнэлгээг дахин нарийвчилж, танилцуулах шаардлагатай гэж үзсэнээр өргөтгөсөн хуралдаан өндөрлөлөө.

Дээрх төсөл нь Оюутолгойн дараа томоохонд тооцогдох эдийн засгийн үр өгөөжтэй бүтээн байгуулалт болно гэдгийг оролцогчид тодотгож байв. Тус төсөл хэрэгжсэнээр Монгол Улсад 800 гаруй шууд ажлын байр, шууд бус 800 орчим ажлын байр бий болохын зэрэгцээ жилд 2,1 тэрбум ам.долларын татварыг улсын төсөвт төвлөрүүлэхээр тооцоолсон байна.