Кадастрын хэлтсийн хамт олон "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнд нэгдэж, үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарив
Дашрамд: Монгол Улсад 25 жилийн тэртээ Геологи уул уурхайн кадастрын бүртгэлийн байгууллага анх байгуулагдсан байдаг. Тэр цаг үеэс хойш Өнөөгийн баялаг бүтээх нөхцлийг хуулийн хүрээнд бүрдүүлэн улс орны тэргүүлэх салбарт ажиллаж ирсэн үеийн удирдлага, хамт олон та бүхэнд ойн баярын мэндийг хүргэе.
Түүхээс:
Ашигт малтмалын тухай хууль 1997онд шинээр батлагдан гарсантай холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 1997 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 132 дугаар тогтоолоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрыг байгуулж, мөн өдрийн 1/33 дугаар тогтоолоор Дугарын Жаргалсайханыг даргаар томилсон бөгөөд тус агентлагийн нэг нэгж болох Геологи, уул уурхайн кадастрын алба нь анхны дарга Батсуурийн Даваагийн удирдлаган дор бүртгэлийн үйл ажиллагааг эхлүүлсэн байна.
Тухайн үед кадастрын бүртгэлийг цаасан хэлбэрээр гар аргаар хийдэг байсан бөгөөд 2000 оноос зураг зүйн бүртгэлийг Microstation програм хангамжаар, 2003 оноос тусгай зөвшөөрлийн бүртгэлийг Microsoft Access програм хангамжийг ашиглан тусгай зөвшөөрлийн бүртгэлийн өгөгдлийн санг үүсгэн хөтөлж байсан.
Мөн 2003 оноос зурагзүйн бүртгэлийг Esri-ийн ArcView програм хамнгамжаар Microstation програм хангамжтай давхар бүртгэж байсан.
Улмаар 2010 оноос Дэлхийн банкны санхүүжилтээр Засаглалыг дэмжих төслийн хүрээнд Геологи, уул уурхайн кадастрын бүрэн автоматжуулсан системтэй болсон.
2014 оноос Геологи, уул уурхайн кадастрын бүртгэлийн системийн веб хувилбарыг нэвтрүүлснээр нийтэд кадастрын бүртгэл ил тод хүртээмжтэй болох нөхцөл бүрдсэн. Энэ хугацаанд нийт 16000 гаруй ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг олгож, 2015 оноос хойш зөвхөн сонгон шалгаруулалтаар 99.4 тэрбум төгрөгийг Улсын төсөвт төвлөрүүлэн ажилласан байна.