Ашигт Малтмал Газрын Тосны Газраас өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ

Монгол улс нь 2017 оны Баялгийн засаглалын индекст авч болох 100-аас хангалттай буюу 64 оноо авснаар үнэлгээнд хамрагдсан 89 орноос 15 дугаар байрт, Евроазийн бүс нутгийн 9 орноос тэргүүн байрт орсон.

Нүүрсний олборлолт, экспортын хэмжээ өсөв.

2017 оны 7 дугаар сарын 25-ны байдлаар өссөн дүнгээр 26027,9 мян.тн нүүрс олборлож, 23219,5 мян.тн нүүрс борлуулсанаас 19145,4 мян.тн нүүрс экспортонд гаргаад байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал олборлолт 104,1%, борлуулалт 73.56%, экспорт 98.89%-ийн үзүүлэлттэй байна.

Зүүн бүсийн эрчим хүчний хэрэглээ өсөн нэмэгдсэн тул Тамсаг, Тосон-Уулын орд газарт ашиглах эрчим хүчний хэрэглээг хязгаарлаж байгаагаас шалтгаалан газрын тосны олборлолтын хэмжээ буурах нөхцөл үүсч байна. Орд ашиглалтын үйл ажиллагааг хэвийн явуулах, олборлолтыг нэмэгдүүлэх үүднээс эрчим хүчний нөөц эх үүсвэрийг татах асуудлыг гэрээлэгч компаниас дэвшүүлсэн боловч уг асуудлыг Эрчим хүчний яам өнөөг хүртэл шийдвэрлээгүй байна.

Олборлолтын хэмжээ буурахад дэд бүтэц, эрчим хүчний хангамж, дэлхийн зах зээл дээрх газрын тосны  үнэ бууралт, ханшийн зөрүүгээс төсвийн орлого бүрдүүлэлтэд хүндрэл гарч байна.

Шатахууны ердийн хэрэглээний  45 хоногийн нөөцтэй байна.

Дэлхийн зах зээл дээр 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн арилжаагаар “Brent” төрлийн газрын тосны үнэ тонн нь 365.16 ам.долл /баррель 48.06 ($)/, “WTI” төрлийнх 357.14 ам.долл /баррель 45.77 ($)/ ханштайгаар хаагдсан нь өмнөх долоо хоногийн үзүүлэлттэй харьцуулахад “Brent” түүхий тос 1.74 хувь, “WTI” төрлийн түүхий тос 1.65 хувиар тус тус буурсан байна.

Улсын хэмжээнд дунджаар газрын тосны бүтээгдэхүүний үлдэгдэл, нөөцийн дундаж хэмжээ 123.11 мянган тонн буюу дунджаар ердийн хэрэглээний 45 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байгаа бөгөөд үүнээс А-80 автобензин 50, Аи-92 автобензин 43, дизелийн түлш 46, ТС-1 онгоцны түлш 7 хоногийн нөөцтэй байна.  

2017 оны 7.18-7.24 -ний өдрүүдэд ОХУ-аас Сүхбаатар боомтоор А-80 автобензин 2100.7 тонн, Аи-92 автобензин 9236.8 тонн, Аи-95 автобензин 917.2 тонн, дизелийн түлш 40431.1 тонн, ТС-1 онгоцны түлш 354.4 тонн, Эрээнцав боомтоор дизелийн түлш 2036.6 тонн, Боршоо боомтоор А-80 автобензин 113.8 тонн, Аи-92 автобензин 76.8 тонн, дизелийн түлш 127.9 тонн, Замын Үүд боомтоор дизелийн түлш 3292.0 тонн газрын тосны бүтээгдэхүүний импортоор тус тус орж ирээд байна.

Улаанбаатар хотод А-80 автобензиныг 1470₮, Аи-92 автобензиныг 1630₮, Дизель түлшийг 1720₮-өөр борлуулж байна. Бөөний борлуулалтын хувьд А-80 автобензин 1250-1330₮, Аи-92 автобензин 1350-1410₮, Дизель түлш 1360-1450₮, Орон нутагт А-80 автобензин 1290-1580₮,      АИ-92 автобензин 1380-1690₮, Дизель түлш 1390-1820₮-өөр худалдаалагдаж байна.

Онцгой албан татвар нэмсэн ч шатахууны үнийг тогтвортой барьж чадаж байна.

2017 оны 7-р сарын 18-ны өдрийн Засгийн газрын 207-р тогтоолоор 2017 оны 7-р сарын 20-ны өдрөөс газрын тосны бүтээгдэхүүний Онцгой албан татварыг  дизель түлш 70,000 төгрөг байсныг 110,000 төгрөгөөр нэмж 180,000 төгрөг,  90-ээс дээш октантай авто бензины онцгой албан татвар  30,000 байсныг 130,000 төгрөгөөр нэмж 160,000 төгрөг, 90 хүртэл октантай авто бензины онцгой албан татвар 50,000 төгрөг байсныг 110,000 төгрөгөөр нэмж 160.000 төгрөгөөр тус бүр нэмсэн.

Хэдийгээр Онцгой албан татвар нэмсэн ч түүхий тосны үнэ буурах төлөвтэй байна. Мөн хилийн үнэ буурсан ба дотоод зах зээлд валютын ханш хэвийн байгаа зэргээс шалтгаалан үнийг нэмэгдүүлэхгүй байх арга хэмжээ авч байна.

Үүнээс гадна нөөцийг нэмэгдүүлэхийн тулд онцгой анхааран ажиллаж байгаа ба Гаалийн Ерөнхий Газар, Улаанбаатар Төмөр Зам, Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим болон бусад холбогдох импортын компаниудтай үр бүтээлтэйгээр хамтран ажиллаж байна.

Үүсмэл орд ашиглах тусгай  зөвшөөрлийг  анх удаа олголоо.

АМГТГаас Орхон аймгийн Баян-Өндөр, Жаргалант сумын Эрдэнэтийн овоонд 111.68 гектар талбайд ашигт малтмалын үүсмэл ордын ашиглалтын тусгай зөвшөөрлийг “АЧИТ-ИХТ” ХХК-д олгохоор шийдвэрлэлээ.

2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар Монгол улсын хэмжээнд ашигт малтмалын 3475 тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр бүртгэлтэй байна.

Тусгай зөвшөөрлийн төрөл

Тоо ширхэг

Монгол орны газар нутгийн эзлэх хувь

Хайгуулын тусгай зөвшөөрөл

1879

6.5%

Ашиглалтын тусгай зөвшөөрөл

1596

1.0%

Нийт

3475

7.5%

Манай кадастрын бүртгэлийн системд цацраг идэвхит ашигт малтмалын орд илрэл бүхий талбай, Цөмийн энергийн тусгай зөвшөөрлүүдийн талбай,  газрын тосны Бүтээгдэхүүн хуваах гэрээт талбай, хайгуул болон, эрлийн талбайн мэдээлэл, солбицлыг нэмж бүртгээд байна.

            Засгийн газрын 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн “Өргөдлийн дугаарыг цахим хэлбэрээр олгох тухай” 210 дугаар тогтоолыг баталсан.

Мөн Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 151 дүгээр тушаалаар “Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”, 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 160 дугаар тушаалаар “Үйлчилгээний хөлсний хэмжээ тогтоох тухай” 2015 оны 15 дугаар тушаалд нэмэлт өөрчлөлт оруулж шинэчлэн батлуулав.

Шинээр олгосон тусгай зөвшөөрлийн тоо /2015-2017 он/

 

Сонгон шалгаруулалтаар 10 тэрбум төгрөг, тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрөөр 17.1 тэрбум төгрөг, кадастрын хэлтсийн үйлчилгээний хөлсөөр 577 сая төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлээд байна.

Хайгуулын тусгай зөвшөөрлийг өргөдлөөр олгох боломжтой 

31.8 сая гектар талбайн солбицлыг тодорхойллоо.

Засгийн газрын 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 37 дугаар тогтоолоор Сонгон шалгаруулалтын журмаар тусгай зөвшөөрөл олгох талбайн хил хязгаарыг шинээр батлуулж 1.6 сая гектараар нэмэгдүүлж нийт 10.2 сая гектар талбай болоод байна. Ингэснээр сонгон шалгаруулалтын ажлыг багц талбайгаар тасралтгүй явуулах боломж бүрдсэн.

Мөн Засгийн газрын 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 106 дугаар тогтоолоор тусгай зөвшөөрөл өргөдлөөр олгох талбайн хил хязгаарыг 13.6 сая гектараар нэмэгдүүлж нийт 31.8 сая гектар талбай болоод байна.

Хайгуулын тусгай зөвшөөрлийг өргөдлөөр олгохдоо нийтэд нээлттэй, ил тод шударга явуулах үүднээс өргөдөл гаргах эрх олгох дугаарыг цахимаар олгох мөн 1 удаагийн цахим дугаар олголтоор 600 дугаар олгохоор болсон нь аж ахуйн нэгжүүдэд илүү боломж бий болгосон.

Цахим өргөдлийн дугаар авахдаа талбайн солбицлыг оруулахгүй болсноор өмнөх өргөдлийн талбайтай давхцах эрсдэлийг арилгасан, мөн өмнөх өргөдлийн талбайтай давхцсан тохиололд нэмэлт өргөдлөөр давхцалгүй хэсэгт хүсэлт гаргах боломжийг нээж өгсөн.

Кадастрын цахим системийг сайжруулснаар:

-өргөдлийн явцыг харах,

-өргөдөл гаргах боломжтой талбайн зураг боловсруулах,

-сонирхсон талбайн давхцлыг шалгах,

-сонгон шалгаруулалтын талаархи мэдээлэл авах,

-хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлийн болон ашигт малтмал эрэх хайх, ашиглахыг хориглосон, хязгаарласан талбайн зураг, статистик мэдээлэл харах зэрэг минут секунд тутамд өөрчлөгдөж байгаа кадастрын бүртгэлийг харж мэдээлэл авах бүрэн боломжтой болсноор кадастрын үйл ажиллагаа олон нийтэд нээлттэй ил тод болоод байна.

Улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэж буй геологийн судалгаа

2017 оны 7 дүгээр сарын 1- ний байдлаар Монгол улсын нутаг дэвсгэрт Улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй 1:50000-ны геологийн зураглал ерөнхий эрлийн ажлын 30, 1:500000-ны масштабтай геологийн бүлэгчилсэн зураглал, ерөнхий эрлийн ажлын 3, 1:200000-ны масштабтай Улсын геологийн зураг зохиох 3, агаарын геофизикийн 3, Монгол орны нутаг дэвсгэрт сансарын зургийн тайлал-2013” 1, геологийн мэдээллийн сан 1, Баруун Монгол цульсульфид 1, Монгол орны металлогений, ашигт малтмалын ордуудын тархалтын зүй тогтлын судалгаа 1, гадаад хамтын ажиллагааны 1, шинээр сэдэвчилсэн судалгааны 3 төсөл, нийт 49 төсөл хэрэгжиж байна.

Геологийн мэдээлэл ил тод, хүртээмжтэй болсноор хөрөнгө оруулалт нэмэгдэнэ.

Гадаад, дотоодын  хөрөнгө оруулагчдад найдвартай, үнэн зөв, хэрэгцээ шаардлага хангахуйц мэдээлэл авах боломжийг нээлттэй болгох зорилгоор  Австрали- Монголын  эрдэс баялгийн хамтын ажиллагааны хөтөлбөр /АМЕР/-ийн хүрээнд АМГТГ-т геологи, геохими, гидрогеологи, орон зайн мэдээлэл зэрэг геомэдээллийг вебсайтад байршуулахаар  ажиллаж байна. Мэдээлэл ил тод болсноор  геологийн эрэл хайгуулын ажлын зардлыг бууруулж, хөрөнгө оруулалтыг татах боломжийг нээж өгдөг.

Хайгуулын ажлын гүйцэтгэлийг газар дээр нь бодитоор хийгдсэн үгүйг шалгах ажлаар нийт 2 чиглэл буюу Дорноговь-Дундговь-Өмнөговь, Хэнтий-Сүхбаатар-Дорнод чиглэлээр хяналтын ажллыг гүйцэтгэсэн байна.

Геологийн  мэдээ, мэдээллийг олон улсын жишигт нийцүүлэн, хэрэглэгчдэд түргэн шуурхай бодитоор хүргэх зорилтын хүрээнд МонГеоКат системийг хөгжүүлж байна.

Энэхүү систем нь АМГТГ-ын Эрдэс баялгийн мэдээллийн технологийн төвд  байгаа мэдээллийг хэрэглэгчдэд хүргэх зорилготой 2 бүрэлдэхүүн хэсэгтэй нэгдсэн систем юм.

1.ВебГМС систем нь орон зайн дүн шинжилгээ хийдэг ArcGIS программд суурилсан, цахим сүлжээний орчинд орон зайн хайлт хийх боломжтой газарзүйн мэдээллийн систем юм.

Энэ системийн орчинд орон зайн хайлт хийж, төрөл бүрийн суурь зураг,жижиг дунд масштабын геологийн зургууд, сансрын зураг, ашигт малтмалын ордуудын байршил, Google-ын суурь зургууд болон бусад мэдээлэлтэй танилцах боломжтой.

2.Метадата- каталоги  систем нь орон зайн мэдээллийн каталоги хийхэд хэрэглэдэг GeoNetwork программ  дээр суурилсан, геологийн мэдээллийн тухай хураангуйг хайх систем юм.  Энэ системээс уг мэдээллийн зохиогч, эзэмшигч, хэмжээ, хэлбэр, хэлний сонголт бусад мэдээлэлтэй хэрхэн холбогддог, хайгуултай холбоотой мэдээлэл, байрзүйн холболттой эсэх, хандалтын зэрэглэл болон бусад мэдээллийг харах боломжтой.

Та бүхэн дараах холбоосоор хандаж танилцана уу. http://geonet.mris.mn

287 аж ахуй нэгжийн уулын ажлын төлөвлөгөө зөвшөөрөгдөөд байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын Уул уурхайн үйлдвэрлэл, технологийн хэлтэст 2017 онд үйл ажиллагаа явуулахаар төлөвлөн 370 аж ахуй нэгж ашиглалтын үйл ажиллагааны төлөвлөгөө ирүүлснээс 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар 287 аж ахуй нэгжийн төлөвлөгөө зөвшөөрөгдөөд байна.

АТГТГ-ын Уул уурхай, газрын тосны төв лаборатори нь 2017 оны эхний хагас жилийн байдлаар Газрын тосны бүтээгдэхүүний 280 ширхэг дээжинд чанар хяналтын шинжилгээ, хатуу метал нүүрсний дээжинд 783 чанар хяналтын шинжилгээ, хөрс, усны дээжинд 39 чанар хяналтын шинжилгээ тус тус хийгдэж улсын төсөвт 75,9 сая төгрөгний орлого оруулсан байна.

Хүнд үйлдвэрийн техник, технологийн хэлтэс

Газрын тос боловсруулах үйлдвэрийн нарийвчилсан ТЭЗҮ хийгдэж байна. Энэтхэгийн Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр хийгдэж байгаа тул тухайн нарийвчилсан ТЭЗҮ-г Энэтхэгийн компани хийж, 9 дүгээр сард багтаан дуусгахаар ажиллаж байна. Бусад төслүүд урьдчилсан ТЭЗҮ батлагдсан.

Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн үйл ажиллагаа

УУХҮ-ийн сайдын 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 23 тоот тушаалаар батлагдсан “Эрдэс баялаг мэргэжлийн зөвлөлийн дүрэм”-ийн дагуу ЭБМЗ-ийн ТЭЗҮ хэлэлцэх салбар хуралдаан 2017 оны 7 сарын 24-ний байдлаар нийт 9 удаа хуралдаж, 98 (давхардсан тоогоор) ашигт малтмалын техник-эдийн засгийн үндэслэл хэлэлцэж хүлээн авсан байна.

Гэрээ, хууль, эрх зүйн хүрээнд

Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч 27  аж ахуйн нэгжтэй Улсын төсвийн хөрөнгөөр хийсэн хайгуулын ажлын зардлыг нөхөн төлөх тухай гэрээг шинээр  байгуулсан.

2017 оны эхний хагас жилийн байдлаар 1 812 126 412 төгрөгийг нөхөн төлбөрийг улсын төсөвт төвлөрүүлэн  ажиллаж байна.

УИХ-аас 2014 оны 7 дугаар сарын 1-ний өдөр баталсан Газрын тосны тухай хуульд нийцүүлэн Газрын тосны хайгуулын чиглэлээр Сулинхээр XXIII талбайд Шунхлай энержи ХХК-тай, Номгон IX талбайд Өмнөд Монголын газар нутгийн тос ХХК-тай, Дарьганга XXIV талбайд Монголиа Шин И Энержи ХХК-тай, Сүхбаатар XXVII  талбайд Вольфс петролюм ХХК-тай, Төхөм Х талбайд МАК ХХК-тай, Борзон VII талбайд Импайр газ монголиа  ХХК-тай  тус тус гэрээг шинэчлэн байгуулсан. /6/

2017 оны эхний хагас жилийн байдлаар 66 нэхэмжлэл хүлээн авч хариуцагчаар оролцсон ба 29 хэрэг нь хянан шийдвэрлэгдсэн байна. Үүнээс 16  хэрэг нь  нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, 13 хэрэг нь нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байна.  

Гадаадаас ажиллах хүчин оруулж ирэх тухай албан бичгийг 105  аж ахуйн нэгж ирүүлсний дагуу тодорхойлолтыг Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газарт хүргүүлсэн.

 “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-ыг  шинэчлэн баталлаа

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 151 дүгээр тогтоолоор “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-ыг шинэчлэн баталсан бөгөөд  2010 онд батлагдсан журмыг шинэчилсэн нь өнгөрсөн хугацаанд бичил уурхайн салбарт гарсан эрх зүйн болон практик шаардлагуудаас гадна 2014-2025 он хүртэл Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого, 2016-2020 оны Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгалаа олсон зорилтуудыг хэрэгжүүлэхтэй холбоотой юм.  

АМТГТ-аас Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 151 дүгээр тогтоолоор “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам” батлагдсантай холбогдуулан орон нутгийн удирдлага, холбогдох албаны хүмүүстэй уулзаж журмыг сурталчилах, таниулах сургалт семинар  зохион байгуулах, орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий зарим аж ахуйн нэгжийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцах  үүрэг бүхий  ажлын хэсгүүдийг    бүх аймаг орон нутгуудад  ажиллуулав.

Шинэ журмаар Иргэний хуулийн дагуу нөхөрлөл, хоршооны зохион байгуулалтад орсон хуулийн этгээдийн ашиглах тоног төхөөрөмжийн хүчин чадлыг 7 дахин нэмэгдүүлж, нөхөрлөл, бүртгэгдээгүй нөхөрлөлийг 9-өөс доошгүй гишүүнтэй байхаар журамлаж, тухайн талбай дахь ашигт малтмалыг ашиглаж дуусах хүртэлх хугацаагаар олборлолтын гэрээг байгуулахаар тусгасан нь бичил уурхай эрхлэгчдийн бүтээмж, орлого, ажлын байрыг нэмэгдүүлнэ гэж харж байна.

ГАЗРЫН ТОС, УЛАМЖЛАЛТ БУС ГАЗРЫН ТОСНЫ ЭРЭЛ, ХАЙГУУЛЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ

2017 оны эхний хагас жилийн байдлаар, хайгуулын 22 талбайд бүтээгдэхүүн хуваах гэрээ /БХГ/-ний дагуу газрын тосны хайгуулын, эрлийн 18 талбайд газрын тос, уламжлалт бус газрын тосны эрлийн ажил хийгдэж байна. Уул уурхайн сайдын 2015 оны 1/668 дугаар тушаал, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2017 оны 1-р сарын 18-ны өдрийн 01/168 тоот албан бичиг, АМГТГ-ын даргын 2017 оны 6-р сарын 06-ны өдрийн а/93 дугаар тушаалаар газрын тосны хайгуулын Давст ХХХI, Гурванбаян ХХХ талбайнуудад нээлттэй сонгон шалгаруулалт зарлаад байна.

Хайгуулын ажлын үр дүнд Галба XI талбайд өрөмдсөн 11 цооногт тос илэрч, туршилтаар 1517 тн тос, Хөхнуур XVIII талбайд өрөмдсөн 4 цооногт тос илэрч, туршилтаар 35 тн тос олборлосон.

2017 ОНЫ ХАЙГУУЛЫН АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ, ТӨСВИЙГ БАТЛУУЛСАН БАЙДАЛ

2017 оны эхний хагас жилийн байдлаар, хайгуулын нийт 22 талбайгаас 10 талбайд хийх хайгуулын ажлын төлөвлөгөө, төсөв батлагдсан.

2017 онд БХГ-т хайгуулын 10 талбайд нийт 24706 км2 талбайд геологийн зураглалын ажил, 7500 тууш км соронзон хайгуул, 13454 физик цэгт хүндийн хүчний судалгаа, 2000 км.кв талбайд сансарын тандан судалгаа, 2500 тууш км 2 хэмжээст чичирхийллийн судалгаа, 150 км.кв талбайд 3 хэмжээст чичирхийллийн судалгаа хийх, 223 тууш км 2 хэмжээст чичирхийллийн судалгааны мэдээллийг дахин боловсруулах, хайгуулын 7 цооног өрөмдөх, 2 цооногт туршилт хийхээр төлөвлөж 51.9 сая ам.долларыг төсөвлөсөн.

2017.07.25-ны өдрийн байдлаар газрын тосны хайгуулын Борзон VII талбайд Импайр Газ Монголиа ХХК хайгуулын цооног өрөмдөж байна. Өрөмдлөгийн  ажил 2450 метрт  үргэлжилж байна. 8 сард Онги V талбайд Капкорп монголиа ХХК хайгуулын ажлаа эхлүүлэхээр бэлтгэл ажлаа хийж байна.

ЭРЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА

2017 оны эхний хагас жилийн байдлаар, эрлийн 18 /үүнд: газрын тосны 10, нүүрсний давхаргын метан хийн 5, шатдаг занарын 3/ гэрээ хэрэгжиж байна. 2012-2016 онд эрлийн гэрээгээр 4100 км, 7250 км2 талбайд геологийн судалгаа хийж 2158 ширхэг дээж авч, 178738 физик цэг, 12717 км2 талбайд хүндийн хүчний судалгаа, 1600 км2 талбай, 3500 км соронзон хайгуул, 150 тууш км микросейсм, 713 тууш км 2 хэмжээст чичирхийллийн судалгаа хийгдсэн. Эрлийн ажлын үр дүнд Жени ойл шейл Монголиа ХХК,  12 - 23% органик нүүрс-устөрөгчийн агуулгатай шатдаг занар илрүүлж, Эрдэнэс таван толгой ХК, Тавантолгойн нүүрсний ордоос метан хий туршилтаар олборлож, метан хийн геологийн нөөцийг 40 сая тн гэж тооцсон. Мөн хайгуулын 4 талбай ялгаснаас 2016 онд Арбулаг XXIX талбайд газрын тосны талаар БХГ байгуулж, Номгон талбайд нүүрсний давхаргын метан хийн талаар БХГ байгуулахаар ажиллаж  байна.

 

АШИГТ МАЛТМАЛ, ГАЗРЫН ТОСНЫ ГАЗАР