Уул уурхайн салбарын нийгэм, эдийн засагт нөлөөлж буй байдлыг үнэлнэ

Монголын болон олон улсын судлаач, бодлого тодорхойлогчид, иргэний нийгмийн төлөөллүүдийн оролцоотой Монгол Улсын уул уурхайн салбарын нийгэм, эдийн засгийн нөлөөллийн үнэлгээ сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр /2022.08.16/ боллоо.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал газрын тосны газар, Үндэсний геологийн алба нь Герман-Монголын техникийн хамтын ажиллагааны “Эрдэс баялгийн тогтвортой удирдлагын зөвлөх үйлчилгээ” төслийг ХБНГУ-ын Гео-Шинжлэх ухаан, байгалийн нөөцийн холбооны хүрээлэн (BGR)-тэй хамтран хэрэгжүүлж байна.

Уул уурхайн салбар нь Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өсөлтөд томоохон үүрэг гүйцэтгэж байгаа чухал салбарын нэг. Иймд хууль эрх зүй, байгаль орчин, нийгэм, компанийн засаглалын хүрээнд тавигддаг шаардлагуудыг бүрэн хангах нь чухал юм. Манай улсын хувьд, уул уурхайн бүс нутгийн иргэд, нийгэм, соёл, байгаль орчны өвөрмөц тогтоц, шинж чанарт үзүүлэх нөлөөллүүдийг харгалзан салбарын боломж, цар хүрээ, тулгарч буй нарийн, төвөгтэй асуудлуудыг сайтар зохицуулах шаардлага бий.

Нийгэм, эдийн засгийн нөлөөллийн аргачлалыг боловсруулснаар Монголын эрдэс баялгийн салбарын нийгэм, эдийн засгийн болон байгаль орчны үнэлгээг системтэй боловсруулахад хувь нэмэр оруулахаас гадна Монгол Улсын дунд, урт хугацааны тогтвортой хөгжилд дэмжлэг үзүүлэх юм.

Хэлэлцүүлэгт ХБНГУ-аас Монгол Улсад суух Элчин сайдын яамны Соёл, Эдийн засаг ба Олон улсын харилцаа хариуцсан атташе Ханна Нетзбанд, Герман Улсын Гео-Шинжлэх ухаан, Байгалийн нөөцийн Холбооны Хүрээлэн (BGR)-ийн Монгол болон Төв Азийн төслүүд хариуцсан ерөнхий зохицуулагч Текла Абель,төслийн удирдагчВибке Креветт болон төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл, эрдэмтэн судлаачид оролцлоо. Хурлын үеэр Монгол Улсын нийгэм, эдийн засгийн нөлөөллийн үнэлгээний өнөөгийн нөхцөл байдал, ирээдүйд хэрхэн сайжруулах стратегиудыг хэлэлцсэн юм.