Газрын тосны үнэ 1 хувиар өсч сүүлийн 13 долоо хоногийн дээд цэгтээ хүрлээ /2022.06.08/

АНУ болон Иран улсын хоорондын цөмийн хэлэлцээр удааширч байгаатай холбоотой газрын тосны нийлүүлэлтийн хүлээлт болон БНХАУ-д цар тахлын хөл хорио суларч эрэлт өсөх төлөвтэй байгаа зэргээс үүдэн газрын тосны үнэ мягмар гарагт сүүлийн 13 долоо хоногийн дээд цэгтээ хүрч өслөө.

Брент төрлийн газрын тосны үнэ 1.06 ам.доллар буюу 0.9%-иар өсч, баррель нь 120.57 ам.доллар болсон нь 5 дугаар сарын 31-нээс хойших хамгийн өндөр үзүүлэлт бөгөөд АНУ-ын WTI төрлийн газрын тосны үнэ 91 цент буюу 0.8%-иар өсч, баррель нь 119.41 ам.долларт хүрсэн нь 3 дугаар сарын 8-наас хойших хамгийн өндөр үзүүлэлт юм.

Ираны зүгээс АНУ-аас тавьсан хориг арга хэмжээгээ цуцлах шаардлага тавьж байгаа нь 2015 оны цөмийн хэлэлцээрийг сэргээхэд саад болж байна гэж АНУ мэдэгдсэн бөгөөд шинжээчдийн зүгээс хэлэлцээр амжилттай болсон тохиолдолд дэлхийн газрын тосны нийлүүлэлт өдөрт 1 сая баррелиар нэмэгдэх боломжтой гэж үзэж байна.

Трафигура группын гүйцэтгэх захирал Жереми Вейр газрын тосны үнэ удахгүй баррель нь 150 ам.долларт хүрч магадгүй гэв. Түүний хэлж байгаагаар газрын тосны үнийн өсөлт  түүхий эдийн эрэлтийг бууруулахад хүргэж болзошгүй. Газрын тосны үнийг өсгөх гол хүчин зүйлүүд нь ОХУ-ны улсын эсрэг ЕХ-ны авсан хориг арга хэмжээ болон Хятадын газрын тосны эрэлт өсөх төлөвтэй байгаа зэрэг байна гэж тэрээр онцолжээ.

Өнгөрсөн долоо хоногт Голдман Сакс энэ оны 3 дугаар улирлын Брент тосны үнийн таамгаа 125 ам.доллараас 140 ам.доллар болгон өсгөсөн. Тус банкны Damien Courvalin, Jeffrey Currie зэрэг шинжээчид 2023 оны эцэс гэхэд дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн нөөц хэвийн хэмжээнд хүрэхийн тулд Брент төрлийн газрын тосны үнэ энэ оны 7 дугаар сараас эхлэн 12 сарын хугацаанд баррель нь дунджаар 135 доллар байх хэрэгтэй гэж үзэж байгааг Bloomberg сайт мэдээлэв .

Мөн Citi Bank газрын тосны үнийн таамаглалаа 2 дугаар улиралд баррель нь 113 доллар, 3 дугаар улиралд 99 ам.доллар болгон өсгөсөн бөгөөд 2023 оны үнийн таамаглалыг 16 ам.доллараар нэмэгдүүлж 75 ам.доллар болгосон байна.

Barclays банк энэ жилийн дундаж үнийн таамгийг 111 ам.доллар болгон өөрчилсөн нь өмнөх таамгаас 11 доллараар өссөн байна.