АИ-92 автобензиний жижиглэн борлуулалтын үнийг зах зээлийн горимд аажим шилжүүлэх механизм

Монгол Улсын Засгийн Газрын 2020 оны 232 дугаар тогтоолоор байгуулагдсан “Газрын тосны бүтээгдэхүүний хангамж, үнийг тогтворжуулах асуудлыг зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудын хамтарсан зөвлөл”-ийн 2021 оны 11 дүгээр сарын хуралдаанаар “Өргөн хэрэглээний Аи-92 автобензиний хангамж, нөөцийг Засгийн газрын холбогдох тогтоолд заасан хэмжээгээр бүрдүүлж, тус бүтээгдэхүүний жижиглэн борлуулалтын үнийн өөрчлөлтийг огцом хэлбэлзэлгүйгээр хийх, үе шаттайгаар зах зээлийн горимд аажмаар шилжүүлэх” асуудлыг хэлэлцэн, холбогдох “Зөвлөмж”-ийг гаргасан.

Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ 2022 он гарснаас хойш 40 гаруй хувиар өссөн бөгөөд ОХУ-аас манай улсад 2022 оны 04 дүгээр сард нийлүүлсэн Аи-92 автобензиний импортын хил үнэ өмнөх сараас тонн тутамд 168 ам.доллароор нэмэгдэж 1110 ам.долларт хүрсэн.

Үнэ нэмэгдсэнтэй холбоотой удирдлагуудын тавьсан хүсэлтийн дагуу ОХУ-ын Роснефть компани 04, 05, 06 дугаар саруудад Аи-92 автобензиний хил үнийг 840 ам.доллар/тонн-оор нийлүүлэхээр тохиролцсон. Мөн шатахууны үнэ нэмэгдсэнтэй холбоотой Засгийн газрын 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 161 дүгээр тогтоолоор импортоор оруулж байгаа Аи-92 автобензиний гаалийн албан татварыг 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 1-ний өдөр хүртэл 0 хувиар тооцох, импортоор оруулж ирсэн А-80, Аи-92 автобензин болон дизелийн түлшний онцгой албан татварын хэмжээг 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тэглэсэн.

Энэхүү хил үнэд суурилан тооцсон Аи-92 автобензиний 04, 05 дугаар сарын өртөг болон сүүлийн 6 сарын шилжих дундаж үнийн томьёоллын дагуу жижиглэнгийн үнийн тооцоолол дараах байдалтай байна.

Тайлбар: Аи-92 автобензиний жижиглэнгийн үнийн өртгийн тооцоололд импортын хил үнэ (79%), татвар хураамж (10%), холбогдох зардал (12%) тус тус эзэлж байна.  Дээрх тооцооллоор Аи-92 автобензиний 05 дугаар сарын өртөг үнэ 2,532 төгрөг байна.