М.Мэндбаяр: Нүүрсний салбарын эрх зүйн орчин бүрдээгүй учраас уул уурхайн хуулиудаар зохицуулагдаж ирсэн. Гэвч уул уурхайн хуулиуд ч цоорхой ихтэй шүү дээ
АМГТГ-ын нүүрс, судалгааны хэлтсийн дарга М.Мэндбаяртай уулзаж, Монгол Улсын нүүрсний нөөц, зах зээлийн судалгаа сэдвээр ярилцлаа.
Монгол Улс нүүрснийхээ нөөцийг бүрэн тогтоож чадсан уу. Өнөөдрийн байдлаар нөөц нь тогтоогдсон хичнээн орд эдийн засгийн эргэлтэд орж байна вэ?
Монгол Улсын нүүрсний нөөц таамаг байдлаар 152 тэрбум тонн орчим гэж тогтоогдсон. Үүнээс 34 тэрбум тонныг нь хайгуулдаж, нөөцийг нь тогтоон Эрдэс баялгийн нэгдсэн санд бүртгэсэн байдаг. Энэхүү нөөц нь нийт 147 ордод ногдох ба 2022 оны нэгдүгээр сарын 1-ний байдлаар тэдгээрийн хүрээнд олгогдсон 308 ашиглалтын тусгай зөвшөөрлийг 174 аж ахуйн нэгж эзэмшиж байгаагаас 85 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулахаар төлөвлөгөө ирүүлсэн байна.Бусад аж ахуйн нэгжүүд хөрөнгө оруулалт, дэд бүтцийн асуудлаа шийдээгүйн улмаас үйл ажиллагаагаа эхлүүлж чадаагүй.
Нүүрсний салбарт баримталж буй төрийн бодлогыг АМГТГ хэрхэн хэрэгжүүлэх вэ?
Салбарын яамаас геологи, уул уурхайн салбарт бодлогын шинэчлэл буюу хайгуул, олборлолт, боловсруулалт, борлуулалт, хуваарилалт гэсэн цогц бодлогыг хэрэгжүүлэх зорилт тавьсан. Үүнтэй холбоотойгоор манай улсад 2021 оны тавдугаар сарын байдлаар нойтон аргаар баяжуулах 19 үйлдвэр /31.6 сая.тн/, хуурай аргаар баяжуулах арван үйлдвэр /13.7 сая.тн/ тус тус байгуулсан. Үүнээс нойтон дөрөв, хуурай хоёр үйлдвэр тогтмол үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд бусад нь бүтээгдэхүүнээ борлуулах зах зээл нь тодорхойгүй, технологийн горим нь эцэслэгдээгүй, ус, цахилгаан хангамжийн асуудал шийдэгдээгүй зэрэг шалтгаанаар үйл ажиллагаа нь жигдрээгүй, дээр нь Ковид-19 цар тахлын улмаас зогссон.
Нүүрсний экспортод баримталж буй бодлогын тухайд аль болох богино хугацаанд ахиухан борлуулахыг л хичээн ажиллаж байна. Дэлхийн олон улс, орнууд нүүрстөрөгч ялгаруулахаас татгалзаж эхэлсэн. Урд хөрш маань гэхэд л 2026 оноос нүүрснийхээ хэрэглээг алгуурхан бууруулсаар 2060 он гэхэд нүүрстөрөгчийг агаарт гаргахгүй байх бодлого барьж буй. АНУ, Герман ч ялгаагүй нүүрснийхээ хэрэглээг хязгаарлаж, олборлолтоо зогсоохоо мэдэгдээд байгаа. Дэлхийн чиг хандлага ийм байгаа тул бид удахгүй шахалтад орж мэднэ. Иймд нөөц бололцоогоо бүрэн дүүрэн ашиглаж, цаг хугацаатай өрсөн амжиж борлуулах хэрэгтэй. Үүнээс гадна нүүрсийг аль болох баяжуулж, гүн боловсруулалт хийх хэрэгтэй. Тиймээс цаг алдалгүй хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй гэж хэлэх байна. Үүний үр дүнд нүүрсийг хатуу түлш хэлбэрээр шатаахаа болих юм. Шингэрүүлсэн шатдаг хийнээс каучук, нүүрсээс бензин хүртэл гаргаж байна. Иймд нүүрсийг гүн боловсруулах ёстой. Энэ чиглэлийн ажлууд эхэлсэн. “Эрдэнэс Тавантолгой” ХК Тавантолгойн ордод Үйлдвэр технологийн паркийн хүрээнд нүүрс-химийн цогцолбор барих төлөвлөгөөтэй ажиллаж байна.
Нүүрсний салбарын хууль, эрх зүйн орчин зах зээлийн хэрэгцээ шаардлагыг хангаж чадаж байна уу?
Нүүрсний салбарт тусгайлсан эрх зүйн орчин гээд хэлчих актууд байдаггүй учраас уул уурхайн салбарын хуулиудаар зохицуулагддаг. Нөгөөтэйгүүр, шулуухан хэлэхэд уул уурхайн салбарын эрх зүйн орчин туйлын хангалтгүй. Хамгийн гол эрх зүйн актууд болох гол хуулиуд нь хоорондоо уялдаагүй, цоорхой ихтэй, салбарт түгээмэл гарч буй хүндрэлтэй асуудлуудыг шийдэх зохицуулалт муутай байдгийн дээр байнга маш олон тооны олон талын оролцоотой нэмэлт, өөрчлөлтүүд хийгдэж байдаг нь тогтворгүй байдлыг бий болгож нэгдсэн удирдлага зохицуулалтыг хийхэд туйлын төвөгтэй болгодог.
Салбарт гарч буй хүндрэлийг нэг мөр шийдэх боломж бараг байхгүй ч нэн тэргүүнд шийдвэрлэх шаардлагатай томоохон болон онцгойлсон чухалчлан авч үзэх шаардлагатай асуудлуудыг хайрцаглах зорилгоор Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УУХҮ-ийн сайдын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг боловсруулж дуусгасан.Тухайн шинэчилсэн найруулгын төсөлд нүүрсний салбарын онцлог байдлыг харгалзсан зарим нэгэн шаардлагатай нэмэлт, өөрчлөлтүүдийг тусгуулахаар санал хүргүүлээд байгаа тул эхний ээлжийн эрх зүйн зохицуулалтууд түүгээрээ шийдэгдэж, цаашлаад холбогдох бусад эрх зүйн актуудыг шинэчлэх, шинээр бий болгох ажлууд бидний ойрын хугацааны зорилт болоод байна.
Нүүрсний салбарынхан АМНАТ-ийн хувь хэмжээ дарамт болж байна хэмээн гомдоллох болсон. Үүнийг ямар замаар шийдэх нь төр, болоод хувийн хэвшлийнхэнд ашигтай гэж үзэж байна вэ?
АМНАТ-ийн жишиг үнэ тооцохдоо “Биржийн болон зах зээлийн үнийн эх сурвалжийн нэр зарлах тухай” Засгийн Газрын 2016 оны 81 дүгээр тогтоолыг баримталж байна. Энэ хүрээнд Сангийн яамны дэргэд байнгын ажиллагаатай зөвлөл нүүрсний болон бусад ашигт малтмалын зах зээлийн жишиг үнийг сар тутам зарладаг. 2021 оны долдугаар сараас хойш Сангийн яамны дэргэдэх энэхүү зөвлөлөөс зарлаж буй эх сурвалжаас зарласан үнэ хэт өндөр байгаагаас жишиг үнэ огцом өссөн.
Нүүрсний салбарын экпортын зорилтот зах зээл болох БНХАУ-ын зах зээлд нүүрсний эрэлт их байгаагаас үүдэлтэй үнэ өссөн ч манай улсын дэд бүтэц, Ковидтой холбоотой хил гаалийн хязгаарлалтаас болж аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа доголдоод байгаа энэ үед жишиг үнээр тооцсон АМНАТ-ийн төлбөр аж ахуйн нэгжүүдэд санхүү татварын өндөр ачаалал үүсгээд байгаа нь илт ажиглагдах боллоо.
Жишиг үнэ, гэрээний үнэ хоёрын хоорондын харьцааг нүүрсний чанараар нь ангилан харьцуулж үзвэл дараах тоон үзүүлэлтүүдийг гаргаж болохоор байна.
Гэрээний үнэ дунджаар;
- Антрацит – 150,993.0 төгрөг
- Баяжуулсан нүүрс – 235,010.9 төгрөг
- Түүхий коксжих нүүрс – 276,776.4 төгрөг
- Сул коксжих – 166,879.6 төгрөг
- Эрчим хүчний – 86,649.8 төгрөг
Жишиг үнэ дунджаар;
- Антрацит – 531,919.4 төгрөг
- Баяжуулсан нүүрс – 995,776.7 төгрөг
- Түүхий коксжих нүүрс – 835,005.4 төгрөг
- Сул коксжих –569,382.9 төгрөг
- Эрчим хүчний – 419,347.2 төгрөг
Зөрүү дунджаар;
- Антрацит – (-380,926.4 төгрөг)
- Баяжуулсан нүүрс – (-760,765.8 төгрөг)
- Түүхий коксжих нүүрс – (-558,229.0 төгрөг)
- Сул коксжих – (-402,503.3 төгрөг)
- Эрчим хүчний – (-332,697.4 төгрөг)
Дээрх үнээс харахад гэрээний үнэ болон жишиг үнийн зөрүүг 200.0 мянгаас 500.0 орчим мянган төгрөгийн зөрүүтэй байгааг харж болохоор байна.
Өнгөрсөн оны долдугаар сараас арванхоёрдугаар сар хүртэлх нийт зургаан сарын гэрээний үнэ болон жишиг үнээр АМНАТ төлөх тооцооллыг хийж үзэхэд гэрээний үнээр тооцсон АМНАТ 60.2 тэрбум төгрөг бол жишиг үнээр тооцсон АМНАТ 289.7 тэрбум гэсэн тооцоолол гарсан.
Энэ асуудлыг цэгцлэх зорилгоор УУХҮЯ болон Сангийн яам хоёрын зүгээс санаачлан томоохон нүүрс экспортлогч ААН-үүдийн төлөөллийг оролцуулсан хамтарсан ажлын хэсэг байгуулан ажиллаж байна.
Аж ахуйн нэгжүүдийн гаргаж байгаа гол санал нь АМНАТ-ийн төлбөрийг Биржийн тухай хууль батлагдтал жишиг үнээр бус гэрээний үнээр төлөх нь зөв. УИХ-аар Эрдэс баялгийн биржийн тухай хууль хэлэлцэгдэж батлагдвал АМНАТ-ийн талаархи асуудал төр, хувийн хэвшил аль аль талдаа нааштайгаар шийдэгдэх боломжтой гэж харж байна.
Ковид-19 өвчний улмаас нүүрсний салбарт ямар хэмжээний хохирол учраад байгаа талаар тойм ч болов тоо хэлж болох уу?
Манай хэлтэс нүүрс олборлогч аж ахуйн нэгжүүдээс ирүүлсэн 2020 оны уулын ажлын тайлангуудын тоо баримтад тулгуурлан товчхон хэдэн статистик тоо гаргаж үзсэн юм. Нийтлэг байдлаараа бүх нүүрсний уурхайн эдийн засгийн үзүүлэлтүүд суларсан байгаагаас экспортын үйл ажиллагаа явуулдаг 23 ААН-ийн 13 нь бага ч болов хэмжээний ашигтай ажилласан байгаагийн зургаан ААН нь 10-аас дээш хувийн ашигтай ажилласан байсан. Харин үлдсэн 10 ААН нь алдагдал хүлээсэн статистик гарсан. Ингэхдээ дээрх ААН-үүд нь 2021 оны сүүлчээр үйл ажиллагаагаа түр зогсооход хүрсэн байгаа билээ.
Харин дотоодын хэрэглээний нүүрс олборлогч орон нутгийн уурхайнуудын хувьд борлуулалтын хэмжээ төдийлөн буураагүй боловч үйл ажиллагааны зардал цар тахалтай холбоотойгоор өссөн нь ашигт ажиллагааны түвшинд ихээхэн нөлөөлсөн дүр зураг нийтлэг харагдсан.
Нүүрс олборлогч бүх ААН-ийн хувьд 2022 онд шатах, тослох материал болон тэсрэх материал, тэсэлгээний хэрэгслийн үнэ огцом нэмэгдсэнтэй холбоотой ашиглалтын зардал ихээхэн хэмжээгээр нэмэгдэж байгаа тул эдийн засгийн хувьд үр ашигтай үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй болж томоохон сорилтын жил болох нь нэгэнт тодорхой болоод байна.
Нүүрсний экспортод сайнаар нөлөөлөх үйл явц бол Зүүнбаянгийн төмөр зам ашиглалтад орсон явдал. Эдийн засгийн өгөөж нь ямар байх тооцоо, судалгааг та бүхэн хийв?
Манай байгууллагад дээр дурдсан 85 ААН-ийн ирүүлсэн төлөвлөгөөнд дүн шинжилгээ хийж үзэхэд 2022 онд 23.5 сая тонн нүүрс экспортлох боломж байна гэж харж байгаа. Гэхдээ боомтын үйл ажиллагаа хэвийн горимоор ажиллах тохиолдолд шүү дээ. Өмнөх оны сүүлч шиг хил гаалийн тогтвортой бус байдал, цар тахлын нөхцөл хүндэрвэл экспортын хэмжээ буурна.
Тавантолгой – Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажил дууссан ч царигийн өргөн, нарийн асуудал мөн хоёр улсын төмөр замын уулзвар буюу 0 цэгийг тогтоох боломж бүрдсэнээр энэ ондоо багтаж төмөр замаар нүүрс тээвэрлэлт эхлэх болов уу гэсэн хүлээлт байгаа. Харин Тавантолгой – Зүүнбаян чиглэлийн төмөр замаар нүүрс тээвэрлэж эхлэх үед Сүхбаатар-Замын-Үүдийн төмөр замын ачаа тээвэрлэх хүчин чадал, Замын-Үүд боомтын нэвтрүүлэх чадвар хэд байхаас бас тээвэрлэлтийн хэмжээ шалтгаална гэж харж байна. Нөгөөтэйгүүр, аль аль чиглэлд анхны тээвэрлэлт хэзээ эхлэх нь тодорхойгүй байгаагийн дээр тээх чадварыг эцэслэн тооцох боломжгүй байгаагаас үүдэн төмөр замаар энэ онд экспортлох нүүрсний хэмжээ тодорхой бус байгаа гээд хэлэхэд буруудах зүйлгүй.
Өмнөх оны есдүгээр сард Тавантолгойн ордод үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүд чингэлэгт тээврийн терминалыг улсын комисст хүлээлгэн өгснөөр цар тахлын үед хүнээс үл хамаарах шийдлээр нүүрс тээврийн асуудлыг шийдсэн. Чингэлэг тээврийг Нарийн сухайтын бүлэг ордод хэрэгжүүлэхээр Шивээхүрэнгийн боомтод тээврийн гарцыг нэмэгдүүлэхээр ажиллаж байна.
Европ эрчим хүчний хямралд орж эхэлсний улмаас чулуун нүүрсээ ашиглах нь зөв гэдэг дээр санал нэгдэж буй. Үүнийг ашиглах боломж манайд байна уу?
Европын улс орнуудын эрчим хүчний нүүрсний зах зээлийн тоглолтод оролцох боломж манай улсын нүүрсний салбарт байхгүй гээд хэлчихэд ер нь болно. Тэд нүүрснээс татгалзах, нүүрс түлэх зэрэг нь экологийн шаардлагаасаа давсан эдийн засгийн үнэлгээнээс л хамаарах байх. Учир нь өнөөдрийг хүртэл нүүрс нь эрчим хүчний хамгийн хямд анхдагч түүхий эд байсаар байгаа юм. Түүний дээр хэдэн зуун жилийн нүүрс түлж ирсэн уламжлал тийм ч амархан устахгүй болов уу.
Нэмж хэлэхэд, нүүрс түлэхээс татгалзахын хэрээр манай улс дотооддоо томоохон нүүрсний цахилгаан станцууд бариад эрчим хүчээ экспортлох боломжийг байнга эрэлхийлж байх хэрэгтэй болов уу.
Нарийн сухайтын бүлэг орд дээр хичнээн компани ажиллаж байна вэ?
Нарийн сухайтын бүлэг орд дээр “Саусгоби сэндс” ХХК, “Монголын алт МАК” ХХК, “Хүрэнтолгой коал майнинг” ХХК, “Өсөх зоос” гэсэн дөрвөн аж ахуйн нэгж ашиглалтын үйл ажиллагаа явуулдаг. Өнөөдрийн байдлаар БНХАУ-ын талаас хилийн боомтоо хаасан тул 2021 оны аравдугаар сарын дундаас хойш компаниуд үйл ажиллагаагаа түр хугацаагаар зогсоосон. Түүнчлэн хилийн боомт хаасантай холбоотойгоор ганц Нарийн сухайтын бүлэг ордод үйл ажиллагаа явуулж байгаа уурхайгаас гадна ойролцоо үйл ажиллагаа явуулдаг Цагаан өвөлжөө, Энхтунх-Орчлон, Жавхлант-Орд зэрэг компаниудын үйл ажиллагаа зогсонги байдал руу шилжсэн.
Боомтуудын үйл ажиллагаа хэзээ жигдрэх вэ. Одоо тээвэрлэлт хийгдэж байна уу?
Боомтын үйл ажиллагаа хэзээ жигдрэх нь цар тахал болон БНХАУ-ын нөхцөл байдлаас хамаарах байх. Манай улс цар тахлын нөхцөл байдал үүсэхээс өмнө БНХАУ уруу зургаан боомтоор нүүрс экспортлож байсан бол одоогоор Дорноговь аймгийн Ханги боомтоор хоногт 20 орчим, Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтоор хоногт дунджаар 100 орчим чингэлэгт тээврийн хэрэгслээр нүүрс экспортлож байна. Бусад боомтуудаар нүүрсний экспорт хийгдэхгүй байгаа.