“Эрдэс баялгийн салбарын хууль тогтоомжийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудал, шийдэл”-уулзалт хэлэлцүүлэг өнөөдөр Сэлэнгэ аймагт боллоо
Эрдэс баялгийн салбарын бодлого хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, ил тод, хариуцлагатай уул уурхайг төлөвшүүлэхэд тулгарч буй асуудлыг шийдвэрлэхэд төрийн байгууллага, орон нутаг, аж ахуйн нэгжүүдийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх, нэгдсэн ойлголтод хүрэх зорилго бүхий ЭРДЭС БАЯЛГИЙН САЛБАРЫН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТ, ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ, ШИЙДЭЛ уулзалт хэлэлцүүлэг өнөөдөр Сэлэнгэ аймагт эхэлж байна. Сэлэнгэ, Дархан -Уул, Булган аймагт ТЗУХ -ийн дарга Б. Дашпүрэвээр ахлуулсан баг ажиллана. Уулзалтыг Сэлэнгэ аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцог нээж үг хэлэв.
ТЗУХ--ийн дарга Б. Дашпүрэв " Эрдэс баялгийн салбараас эдийн засагт үзүүлэх нөлөөлөл ба төрийн бодлого", "Эрдэс баялгийн салбарын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, шийдэл" илтгэлийг танилцуулж байна. Уулзалтанд орон нутгийн , холбогдох байгууллагуудын удирдлагууд , тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүд бичил уурхай эрхлэгч зэрэг 120 гаруй хүн оролцож байна.
Аймгийн мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар Байгаль орчин, аялал жуулчлалын газраас илтгэл тавив.
■ ИЛТГЭЛҮҮДЭЭС ОНЦЛОХ НЬ
Сэлэнгэ аймгийн мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Н.Эрдэнэцогт: Ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл авахаасаа Түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг авах нь арай хялбар байх тул энэ зөвшөөрлийг ашиглан элс хайрга, дайрга олборлох нэрийн дор алт олборлох зөрчил нэмэгдэж болзошгүй байна.
Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын ахлах байцаагч Билгүүн: Аймгийн хэмжээнд 2021 онд хүрээлэн байгаа орчны 71 гэмт хэрэг бүртгэгдсэнээс 50 хувь буюу 34 нь хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг эзэлж байна.
Сэлэнгэ аймгийн БОАЖГ-ын дарга З.Түвшинтөгс :2021 онд 14 аж ахуйн нэгж, байгууллагууд дүйцүүлэн хамгаалах арга хэмжээний төлөвлөгөө батлуулж 89.8 га талбайд 1.1 тэрбум санхүүжилтээр нөхөн сэргээлтийг хийв.
Хэлэлцүүлгийн 2 дах хэсэг
Байгаль орчин нөхөн сэргээлт хаалт, Орон нутагтай хамтран ажиллах гэрээ, Оролцогч талуудад тулгарч буй асуудал сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнөж байна. Сэлэнгэ аймгийн байдлаар ашигт малтмалын АШИГЛАЛТЫН 136 ХАЙГУУЛЫН 39 ТҮГЭЭМЭЛ ТАРХАЦТАЙ АШИГТ МАЛТМАЛЫН 38 нийт 218 тусгай зөвшөөрөл бүртгэлтэй байна .
Аймгийн хэмжээнд Бичил уурхайн 52 дүгнэлт 220.05 га талбайд гарсан байна.
Бичил уурхай эрхлэгчдийн нөхөрлөл, ХАМОДХ-ны төлөөллүүд өнөөдрийн хэлэлцүүлэгт оролцож байна. Аймгуудад зохион байгуулагдаж байгаа уулзалтуудаас хамгийн их шийдэл хүлээж байгаа асуудал бол бичил уурхайн талаарх Засгийн газрын 355 дугаар тогтоол юм.
Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 355 дугаар тогтоолын 1.1-т “Бичил уурхай эрхлэгч этгээдэд тавигдах шаардлагыг хангахгүй болсон, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй этгээдийн гэрээг цуцлах, бичил уурхайн зориулалтаар ашигт малтмал олборлох, дүгнэлт гарсан талбайд бичил уурхай эрхлэх гэрээг шинээр байгуулахгүй байхыг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нарт ”1.6-д Бичил уурхайн зориулалтаар ашигт малтмал олборлох дүгнэлтийг 2019 оныг дуустал хугацаанд гаргахгүй байхыг Ашигт малтмал, газрын тосны газарт тус тус даалгасан байдаг аж. Энэхүү 355 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд төрийн институци хоорондын нэгдсэн бус ойлголт, чиглэлийн байгууллагууд өөрсдийн үзэмжээр тайлбарлаж хэрэгжүүлдгээс Бичил уурхай эрхлэгчдийг үйл ажиллагаа эрхлэх боломжгүй болгосон. Нөгөө талаас Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 151 дүгээр тогтоол буюу “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам” хүчинтэй байгаа тохиолдолд хориглох ёсгүй гэдэг байр суурийг тэд илэрхийлж байгаа юм. Дашрамд дурдахад улсын хэмжээнд 1181 бичил уурхайн нөхөрлөлд 10 гаруй мянган " уурхайчин" ажиллаж байна.