Эрдэс баялгийн салбарын бодлого хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, ил тод, хариуцлагатай уул уурхайг төлөвшүүлэхэд тулгарч буй асуудлыг шийдвэрлэхэд төрийн байгууллага, орон нутаг, аж ахуйн нэгжүүдийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх, нэгдсэн ойлголтод хүрэх зорилго чиглэл бүхий уулзалтыг өчигдөр Улиастай хотод зохион байгуулсан билээ.

Энэ уулзалт хэлэлцүүлгийн үеэр Тосонцэнгэл сумын иргэдээс ирүүлсэн хүсэлтийн дагуу тухайн сумын нутагт үйл ажилагаа явуулах ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий Зост ресурс ХХК-ны үйл ажиллагаатай холбоотойгоор үүссэн асуудлаар уулзалтыг зохион байгуулж байна.

Уулзалтанд Тосонцэнгэл сумын ИТХ-ын дарга Б.Ганбаяр, Аймгийн Байгаль орчны газрын дарга Б. Бямбарагчаа нар оролцож байна. Зост ресурс ХХК-д олгосон ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбай нь ой, булаг шанд бүхий байгалийн үзэсгэлэн бүрдсэн орон нутгийн иргэд хишиг шимийн хүртсээр ирсэн аж. Иймд Тосонцэнгэл сумын иргэдийн зүгээс уул уурхайн үйл ажиллагаа явуулахыг эсэргүүцэн тэмцэл өрнүүлээд байгаа юм байна.

Зост ресурс ХХК нь 2008 онд хайгуулын тусгай зөвшөөрлийг авч улмаар 2013 онд ЭБМЗ-өөр нөөцөө батлуулан ашиглалтын тусгай зөвшөөрөл авахаар АМГТГ-д хүсэлт гаргасан байдаг. АМГТГ -аас 2009 онд батлагдсан ГОЛ, МӨРНИЙ УРСАЦ БҮРЭЛДЭХ ЭХ, УСНЫ САН БҮХИЙ ГАЗРЫН ХАМГААЛАЛТЫН БҮС, ОЙН САН БҮХИЙ ГАЗАРТ АШИГТ МАЛТМАЛ ХАЙХ, АШИГЛАХЫГ ХОРИГЛОХ ТУХАЙ ХУУЛИЙН үйлчлэлд уг талбай орж байгаа тул олгох боломжгүй гэсэн хариуг Зост ресурс ХХК-д хүргүүлсэн байна. Зост ресурс ХХК нь дээрх шийдвэрийг үл зөвшөөрч 2019 онд Захиргааны хэргийн шүүхэд ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааг хангах тухай нэхэмжлэл гаргасан байна. Ийнхүү 2020 оны 5 дугаар Захиргааны хэргийн шүүхээс уг нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах шийдвэр гарч улмаар Зост ресурс ХХК-д ашиглалтын тусгай зөвшөөрөл олгогдсон байна. Дээрх мэдээллийг уулзалтанд оролцогчдод танилцуулж санал солилцов. Мөн АМГТГ-ын орлогч дарга Б.Түвшинжаргал Эрдэс баялгийн салбарын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлын сэдвээр танилцуулга хийв.

Жич: Завхан аймгийн хэмжээнд 0,16 сая га талбайг хамарсан 46 хайгуул, ашиглалтын хүчин төгөлдөр бүртгэлтэй байна.