Газрын тосны үнэ 8%-иар өсч хөрөнгө оруулагчид Оросын нийлүүлэлтэд дахин санаа зовж байна

ОХУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээний улмаас газрын тосны зах зээлд үүсэх нийлүүлэлтийн нөлөөгөөр газрын тосны үнэ 8 хувиар өсөв.

Олон улсын эрчим хүчний агентлаг (IEA)-ийн тайланд ОХУ хориг арга хэмжээний улмаас өдөрт 3 сая баррель газрын тос болон газрын тосны бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэхгүй гэж мэдээлснээр газрын тосны үнэ өссөн байна.

“Брент” төрлийн газрын тосны үнэ 8.62 ам.доллар буюу 8.79 хувиар өсч баррель нь 106.64 ам.долларт хүрсэн нь 2020 оны дунд үеэс хойших хамгийн өндөр үзүүлэлт юм. Харин “WTI” төрлийн газрын тосны үнэ 7.94 ам.доллар буюу 8.35 хувиар өсч, баррель нь 102.98 ам.долларт хүрсэн.

Шинжээчдийн үзэж байгаагаар:

Зах зээлийн ахлах шинжээч Edward Moya: ОХУ-ын газрын тосны зах зээлд үзүүлж буй нөлөө, газрын тосны эрэлтийн тодорхойгүй байдал нь эрчим хүчний зах зээл дээр санаа зовнисон асуудал байсаар байх болно гэж тэмдэглэлдээ дурдсан байна.

Again Capital LLC-ийн түнш John Kilduff: "Бид Оросын газрын тосыг илүү ихээр алдаж магадгүй гэсэн болгоомжлол зах зээлийн нөхцөл байдал дахин гарч байна" гэж хэлсэн байна.

Morgan Stanley “Брент” маркийн газрын тосны үнийн таамаглалыг 3 дугаар улиралд 20 ам.доллараар өсгөж, баррель нь 120 ам.доллар болно гэж таамагласан ба 4 дүгээр сараас эхэлж Оросын газрын тосны олборлолт ойролцоогоор өдөрт 1 сая баррелиар буурна гэж таамаглажээ.

ОХУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээ, Ираны цөмийн хэлэлцээрийн зогсонги байдал, газрын тосны нөөц буурсан, Хятадад коронавирусын тохиолдол өсөх вий гэсэн болгоомжлол зэргээс энэ долоо хоногт зах зээл маш тогтворгүй байна.

Эх сурвалж: Ройтерс агентлаг