“Геологи, уул уурхайн салбарыг эрчимжүүлэх нь” сэдэвт хурал энэ сарын 24-ний өдөр боллоо

Монгол Улсын Засгийн газраас баталсан “Шинэ сэргэлтийн бодлого”-д Аж үйлдвэржилтийг сэргээх үйл ажиллагааны хөтөлбөрийн эхний үе шатанд 3 зорилтын хүрээнд 11 арга хэмжээ, хөгжлийн 13 төсөл хэрэгжүүлэхээр тусгасан.

Энэ ажлын хүрээнд эрдэс баялгийн салбарын бодлогын шинэчлэл, уул уурхайн ирээдүйн чиг хандлагыг урьдчилан судлах, түүнд чиглэсэн урьдач нөхцөлийг бүрдүүлэх зорилго бүхий “Геологи, уул уурхайн салбарыг эрчимжүүлэх нь” сэдэвт арга хэмжээг  зохион байгуулав. Хурал, хэлэлцүүлгийг УУХҮЯ, ҮГА, АМГТГ, ИБУИНВУ-аас Монгол улсад суугаа ЭСЯ, Австрали улсаас Монгол улсад суугаа ЭСЯ, АМЕП хөтөлбөр, Австралийн хөгжлийн хөтөлбөрийн хамт олон хамтран зохион байгууллаа.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас ил тод, нээлттэй, хариуцлагатай засаглалыг бэхжүүлэх зорилгоор салбарт баримтлах бодлогыг хайгуул-олборлолт-боловсруулалт-борлуулалт-хуваарилалт гэсэн 5 үндсэн чиглэлээр боловсруулсан. Энэ хүрээнд Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай, Үндэсний баялгийн сангийн тухай, Хөгжлийн сангийн тухай, Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулга зэрэг төслүүдийг боловсруулж, УИХ-аар хэлэлцүүлэхээр бэлтгэл ажлыг хангаад байна.

 Уг хурлаар салбарын бодлогын шинэчлэл, ирээдүйн уул уурхай гэсэн үндсэн хоёр сэдвийн хүрээнд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олголтын реформ, өндөр технологийн түүхий эдийн судалгаа, үр дүнгийн талаар болон “Уул уурхайн салбарын бодлого, хайгуулын тусгай зөвшөөрөл олголт, ковидын үеийн нөхцөл байдалд дасан зохицсон геологи, уул уурхайн салбарыг хөгжүүлэх нь”, “Өндөр технологийн түүхий эдийн эрэл, хайгуулын ажлыг эрчимжүүлэх нь” сэдвээр хэлэлцүүлэг өрнөв.