АМГТГ-ын дарга Л.Баярмандал BGR төсөлтэй цахим уулзалт хийв

Ашигт малтмал газрын тосны газар нь 2014 оноос хойш ХБНГУ-ын Холбооны Геошинжлэх Ухаан Байгалийн нөөцийн хүрээлэнтэй хамтран ажиллаж эрдэс баялгийн салбарын чадамжийг дээшлүүлэх чиглэлээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байна.

2022 оны 2 дугаар сарын 7-ны өдөр АМГТГ-ын дарга Л.Баярмандалд ХБНГУ-ын Холбооны Геошинжлэх Ухаан Байгалийн нөөцийн хүрээлэнгийн бүс нутгийн төсөл хөтөлбөр хариуцсан зохицуулагч хатагтай Текла Абел, төслийн удирдагч хатагтай Вибке Кревет нар  2018-2022 онд хэрэгжиж буй “Монгол Улсын эрдэс баялгийн салбар дахь институцын болон боловсон хүчний чадавхыг хөгжүүлэх – II” төслийн хүрээнд хийгдэж буй ажлыг ХБНГУ-аас цахимаар  танилцууллаа.

Энэхүү төсөл хэрэгжсэний үр дүнд АМГТГ-т ашиглагдаж байгаа Уул уурхайн кадастрын компьютержсэн систем, хайгуулын болон уулын ажлын төлөвлөгөө тайлангийн цахим систем гэсэн 2 үндсэн цахим мэдээллийн системд өргөтгөл, сайжруулалт хийгдсэн бөгөөд ингэснээр АМГТГ-аас тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд үзүүлж буй үйлчилгээ илүү тод, хүртээмжтэй, хурдан шуурхай болсон. Мөн төслийн хүрээнд АМГТГ-ын боловсон хүчнийг чадавхижуулах, хөгжүүлэх сургалтууд зохион байгуулагдаж, АМГТГ-аас боловсруулан гаргаж буй салбарын мэдээ мэдээлэл, судалгааны ажлуудыг илүү боловсронгүй болгохоор төслийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудыг хэрэгжүүлэн ажиллаж байна.