Монгол улс баялгийн засаглалын индексээр 89 орноос 15 дугаарт жагсав
Монгол Улс баялгийн засаглалын индексээр 89 орноос 15 дугаар байрт жагссан бол Евразийн бүс нутгийн 9 орныг тэргүүллээ хэмээн Байгалийн баялгийн засаглалын хүрээлэнгийн Монгол дахь менежер Н.Дорждарь мэдээллээ.
Байгалийн баялгийн Засаглалын олон улсын хүрээлэнгээс гаргаж буй уг судалгаа нь баялгийн хариуцлагатай үр нөлөө бүхий засаглалыг дэмжих зорилготой бөгөөд тухайн улс орны иргэд газрын тос, байгалийн хий, уул уурхайн баялгийнхаа үр шимийг хүртэхэд туслалцаа үзүүлэхэд чиглэдэг.
“2017 оны Баялгийн Засаглалын Индекс” нь 150 судлаач 149 асуултад хариулж, 10 мянга орчим баримт бичгийг судлах замаар боловсруулсан нийт 81 улсын 89 салбарт хамрах үнэлгээний нийлбэр юм. Судлаачид анхдагч мэдээллийг тухайн улс оронд нь цуглуулж индексээ гаргажээ. Манай улс 2017 оны байгалийн баялгийн засаглалын индекст авч болох 100 онооноос 64 оноо авсан байна. Үнэлгээ тус бүрт ББЗХ нь индексийн гурван бүрдэл хэсгийн оноонд тулгуурлан ерөнхий оноог өгсөн аж. Тодруулбал үнэлгээний хэсгүүд нь тухайн салбараас тус улсын үнэ цэнэ хамаарна. Монгол Улсын хувьд уул уурхайн салбар илүү давамгайлсан учраас уул уурхайн салбарыг үнэлжээ.
Байгалийн баялгийн засаглалын хүрээлэнгийн Монгол дахь менежер Н.Дорждарь ярихдаа, “Манай улсын хувьд индексийн ерөнхий оноо хангалттай гэсэн үзүүлэлт байгаа ч Монгол Улс уул уурхайгаас хараат бөгөөд түүхий эдийн үнэ эдийн засагт нөлөөлсөөр байна. Тухайлбал түүхий эдийн үнэ доогуур байгаа нь бид гаднаас зээлсэн мөнгөнийхөө хүүг төлж чадахгүйд хүрч байна. Үүнийг бодлогоор шийдэхгүй бол зах зээл тогтворгүй хэвээр байх нь. Үүнд ОУВС ч тусалж чадахгүй. Гол нь уул уурхайн салбарын өсөлт, уналтын мөчлөгийг сөрөх Засгийн газрын арга хэмжээ болох төсвийн дүрэм, тогтворжуулалтын санг бодитоор авч явах цагтай бид нүүр тулаад байна. Түүнчлэн Засгийн газар аливаа хүндрэл учрах бүрт өөрчлөлт хийхгүй байх нь зүйтэй” гэлээ.
Олборлох салбарын орлогоос хараат байдал нь зэсийн үнийн уналтын төсвийн орлогод үзүүлэх нөлөөг даамжруулж буйг дээрх индекст тодотгожээ. Мөн төрийн өмчит хамгийн том компани болох "Эрдэнэс Монгол"-ын санхүүгийн тайлагнал хангалтгүй болон Монгол Улсын үндэсний баялгийн сантай холбоотой засаглалын сорилтууд байгаа нь 2017 оны баялгийн Засаглалын индексийн гол анхаарлыг татаж байна.
Баялгийн засаглалын индексээр манай улсын уул уурхайн салбарын ил тод байдал сайжирсан ч хариуцан тайлагнах асуудалд ахиц гараагүй байна хэмээн дүгнэжээ. Мөн хамгийн муу оноо авсан үзүүлэлт бол төрийн өмчит компанийн засаглал байв. Тодруулбал төрийн өмчит компанийн засаглалын хувьд Монгол Улс 100 онооноос 40 оноо авсан нь индексийн үнэлгээнд орсон Евразийн 9 улсаас 7-д жагсаж сүүл мушгисан байна. Тиймээс төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулах, өөрсдөө энэ асуудалд анхаарч ажиллах шаардлагатайг анхааруулжээ.
Улмаар манай улсын үндэсний баялгийн сан буюу Төсвийн тогтворжуулалтын сан хангалтгүй оноо авсан байна. Дээрх төслийн хүрээнд үнэлгээ өгсөн 34 сангаас 18-д жагсчээ.Мөн хуваарилалтын дүрэм журмын ил тод байдлыг хангаж, иж бүрэн тайлагнадаг байдлаараа Монгол Улс засаг захиргааны түвшин хоорондын баялгийн орлогын хуваарилалтын үзүүлэлтээр Бразил улсын дараа орж, индексийн хоёр дахь сайн дүнг авсан байна.
Манай улс 18 сая тонн зэсийн нөөцтэй нь дэлхийн нийт нөөцийн хоёр хувьтай тэнцэнэ. Зэсийн энэ нөөц нь сүүлийн арван жилд томоохон хөрөнгө оруулалтыг татсан.
Дашрамд дурдахад олборлох үйлдвэрийн ил тод байдлын санаачлагын 2015 оны мэдээллээр Засгийн газрын орлогын 24 хувийг баялгийн орлого бүрдүүлжээ.