Улсын онцгой комиссын даргын 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн “Ажилчдын ээлж солих тухай” 41 дүгээр тушаалаар ээлж солих ажлыг шуурхай зохион байгуулахыг даалгасны дагуу Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, Эрүүл мэндийн сайд, Зам тээврийн хөгжлийн сайдын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн “Түр журам батлах тухай” тушаалаар “Ажилтнуудын ээлж солилцож, шилжилт хөдөлгөөн хийх үйл ажиллагаанд баримтлах түр журам” баталсан.  

Эрүүл мэндийн яамнаас ажилчдын PCR шинжилгээ авах цэгүүд, шинжилгээний төлбөрийг 82,370.0 төгрөгөөр тодорхойлж ирүүлснээр 2021 оны 01 дүгээр сарын 16, 17-ны өдрүүдэд Нийслэлийн 9 дүүрэгт ээлжинд гарах ажилчдын PCR шинжилгээг хуваарийн дагуу авч эхлээд байна.

Мөн орон нутгаас ээлжинд гарах ажилчдыг ээлжинд гарахад нь дэмжлэг үзүүлж, холбогдох арга хэмжээг авах тухай УУХҮ-ийн сайд, Өмнөговь аймгийн Засаг даргын албан тоотуудыг аймгуудын Онцгой комисст хүргүүлээд байна.

Орон нутгаас ээлжинд гарахаар ирж буй ажилчдыг цар тахлын голомтот Улаанбаатар хотод аль болохоор нэвтрүүлэхгүй, постоос пост руу хүргэх, хотын гадна тусгаарлан тээвэрлэх талаар аж ахуйн нэгжийн удирдлагуудад зөвлөмж, чиглэл өгч байгааг анхаарах шаардлагатай байна. Орон нутгаас ээлжинд гарах ажилчид нь тухайн орон нутагтаа PCR болон түргэвчилсэн оношлуураар шинжилгээ өгсөн, Улаанбаатар хотод нэвтрүүлэхгүй ээлжинд гарах зохицуулалт хийгдсэн тохиолдолд орон нутагт өгсөн шинжилгээний хариуг нь үндэслэн ээлжийн ажилчдын тээврийг хийж болно.

Нийслэлд өгсөн шинжилгээний хариуг 1-2 хоногт багтаан гаргах талаар Нийслэлийн эрүүл мэндийн газраас мэдэгдсэн тул шинжилгээний хариу нь “сөрөг”гарсан ажилчдыг орон нутаг руу тээвэрлэх болон бусад бэлтгэлийг хангахыг нийт аж ахуйн нэгжийн удирдлагад мэдэгдэж байна.

PCR шинжилгээг өгсөн ажилтан халдвараас хамгаалах дэглэмийг хатуу баримталж, бусадтай хавьтал үүсгэхгүй байх талаар аж ахуйн нэгж бүр анхаарч, тодорхой арга хэмжээг авч ажиллах шаардлагатай байна.

Ээлжийн ажилчдыг тээвэрлэх автобус, унаа бүрд дараах шийдвэрүүдийн хуулбарыг авч явах; Үүнд:

  • УОК-ын даргын 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн “Ажилчдын ээлж солих тухай” 41 дүгээр тушаал,
  • Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, Эрүүл мэндийн сайд, Зам тээврийн хөгжлийн сайдын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн “Түр журам батлах тухай” тушаал,
  • Тухайн аж ахуйн нэгжийн удирдлагын ээлжинд гарч буй ажилчдын жагсаалт бүхий шийдвэр,
  • Ажилтнуудын ээлж солилцож, шилжилт хөдөлгөөн хийх үйл ажиллагаанд баримтлах түр журамтай танилцсан ажилчдын гарын үсэг бүхий жагсаалт,
  • PCR шинжилгээний “сөрөг” гарсан хариу
  • Ажилчид иргэний үнэмлэх болон ажлын пропускаа биедээ авч явах.

Ээлжинд гарахаар шинжилгээнд хамрагдсан ажилчдын жагсаалт, шинжилгээний төлбөрийн баримтыг шинжилгээ өгсөн даруй Гамшгаас хамгаалах уул уурхай, хүнд үйлдвэрийн улсын албаны Шуурхай штабын нарийн бичгийн даргын erdenetsetseg@mmhi.gov.mn хаягаар илгээхийг мэдэгдэж байна.

ГАМШГААС ХАМГААЛАХ УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН УЛСЫН АЛБА