Уул уурхайн салбарын Төвийн бүсийн чуулганы уриалга
Уул уурхайн салбар нь эдийн засгийн гол хөдөлгөгч хүч болохыг тэмдэглэн, тус салбарын өрсөлдөх чадварыг сайжруулахыг эрмэлзэн, “Төвийн бүсийн чуулган”-д оролцогчдоос энэхүү УРИАЛГА-ыг гаргаж байна
Төрийн болон төрийн бус байгууллага, иргэд, аж ахуйн нэгж, хөрөнгө оруулагчид, оролцогч бүх талуудад:
Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд Хууль тогтоомжийг боловсронгуй болгох үндсэн чиглэлд тусгагдсан хуулиудыг багц хуулийн хүрээнд авч үзэн хууль хоорондын давхардал, хийдлийг арилган боловсруулж батлуулан салбарын эрхзүйн орчныг урт хугацаанд тогтвортой, ойлгомжтой, өрсөлдөх чадвартай байлгахад анхаарах,
Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого, Төрөөс аж үйлдвэрийн салбарт баримтлах бодлого, Ашигт малтмалын тухай, Цөмийн энергийн тухай болон бусад холбогдох хуулиудыг сурталчлан таниулах, хэрэгжилтийг хангах, хөрөнгө оруулалтыг татах, салбарын үйл ажиллагааг эрчимжүүлэхэд анхаарч ажиллах,
Эрдэс бүтээгдэхүүний олон улсын зах зээл дэх өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх үүднээс эрчим хүч, зам, тээврийн дэд бүтцийг бэхжүүлэх, хилийн боомтын нэвтрүүлэх чадварыг сайжруулах болон бусад асуудлаар салбар хоорондын уялдаа холбоог хангаж нэгдсэн бодлого баримталж ажиллах, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн эрх зүйн орчныг олон улсын жишигт нийцүүлэх,
Эдийн засгийн тулгуур-уул уурхайн салбарын хөгжлийн асуудлаар улс төржихгүй байж, аливаа бодлогын шийдвэр гаргахдаа шинжлэх ухааны үндэслэлтэй, судалгаанд суурилсан, хууль дээдэлсэн зарчим баримталж ажиллах, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт заасны дагуу салбарын бодлогын судалгааны нэгж байгуулж улс төрөөс ангид байдлаар ажиллах нөхцөл бүрдүүлэх,
Салбарын институцийн тогтвортой байдлыг хангаж, улмаар төрийн үйлчилгээг шуурхай үзүүлэх,
Компаниудыг чадавхжуулах, удирдлагын тогтвортой, хариуцлагатай ажиллах тогтолцоог бүрдүүлэх замаар ил тод, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх, байгууллагын тогтсон соёл, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх,
Төр, хувийн хэвшлийн түншлэл, хамтын ажиллагааг сайжруулж, төрийн болон төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоо, институт, иргэний нийгмийн байгууллагын зөвшилцөх тогтолцоог бүрдүүлэх, төрийн зарим чиг үүргийг тэдгээр байгууллагаар гүйцэтгүүлэх ажлыг эрчимжүүлэх,
Ашигт малтмалыг иж бүрэн ашиглах, бүтээгдэхүүний чанар, стандартыг сайжруулах, уурхайн хаалт, байгаль орчны менежментийг боловсронгуй болгох,
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлыг нэн тэргүүнд тавьж, ажиллагсдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхийн зэрэгцээ хүний нөөцийн удирдлагын арга барил, мэргэжлийн ур чадвар, мэргэшлийн түвшинг дээшлүүлэх, олон улсад өрсөлдөхүйц инженер, техникийн ажилтныг сургаж бэлтгэх, чадавхижуулахад онцгой анхаарах,
Салбарын талаар олон нийтэдцэгцтэй, зөв ойлголт өгөхөд онцгой анхаарч хэвлэл мэдээллийн байгууллага, мэргэжлийн холбоод, институт, оролцогч талууд нягт хамтран ажиллах,
Дэвшилтэт технологи, инновацийг нэвтрүүлэх замаар эрдэс бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинг ахиулж нэмүү өртөг шингэсэн, импортыг орлуулах эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх асуудалд талуудын оролцоог хангаж, дэмжлэг үзүүлж хамтран ажиллах,
Орон нутагт ажлын байрыг нэмэгдүүлэх, дэд бүтцийг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах, орон нутгийн хөгжилд хувь нэмэр оруулах болон бусад холбогдох асуудлаар харилцан үр ашигтай хамтран ажиллах гэрээг тусгай зөвшөөрөл эзэмшигчид хуулийн дагуу байгуулж ажиллах,
Төвийн бүсийн хөгжлийг уул уурхайн салбарын хөгжилтэй уялдуулан, бүс нутгийн эдийн засгийн чадавхийг сайжруулахад анхаарч ажиллах.
Салбарын өмнө тулгамдсан асуудал, сорилтыг хамтдаа даван туулж, БОЛОМЖ-ийг бий болгон, улс орныхоо хөгжлийн төлөө санаачилгатай ажиллацгаая!