Д.Ганбат: Шороон ордын шавхагдаж буй нөөцийг тодорхой хэмжээгээр өсгөн нэмэгдүүлэх, бэлтгэгдсэн үндсэн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж, шинэ технологи нэвтрүүлэх цаг болсон
“Алт” үндэсний хөтөлбөрийн хүрээнд “Алт-2” хэмээх гурав дахь удаагийн хөтөлбөр хэрэгжих болсонтой холбогдуулан Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Геологийн бодлогын газрын дарга Д.Ганбаттай ярилцлаа.
- “Алт-1” үндэсний хөтөлбөр 1992 онд хэрэгжсэн. Тэгэхээр тухайн үед Монголын эдийн засаг ямархуу төлөвтэй байсан болоод, ямар шалтгааны улмаас улсаас энэхүү хөтөлбөрийг санаачилж, хэрэгжүүлэхээр болсон юм бэ. Түүнчлэн хөтөлбөр хэрэгжсэнээрээ эдийн засагт хэрхэн нөлөөлж, ямар ахиц гаргасан юм болоо?
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Алт-1” хөтөлбөрийг 1991 онд баталж, 1992 оноос хэрэгжиж эхэлсэн. Тухай үед Монгол Улс зах зээлийн нийгэмд шилжиж байсан учраас бараа бүтээгдэхүүний болоод бэлэн мөнгөний хомсдол бий болж, ажилгүйдэл, нүүрлэсэн байсан тул хүндрэлээс гарах арга замыг “Алт” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх явдал гэж үзсэн байдаг. Эл хөтөлбөрийн хүрээнд 1991 оны байдлаар Монгол Улс 100 тонн алтны нөөцтэй болж чадсан юм. Гэхдээ бэлэн байсан нөөцөө ашиглаж, эдийн засгийн эргэлтэд оруулсан гэдгийг хэлэх ёстой байх. Тодруулж хэлбэл, Монгол Улс шороон ордын нөөцөө ашигласан гэсэн үг. Өнөөдрийн байдлаар энэ салбарынхан нийтдээ 200 тонн гаруй алт олборлож, 2.8 тэрбум ам. долларын борлуулалт хийсэн гээд яривал Монголын эдийн засагт өгөөж өгсөн хөтөлбөр гэж дүгнэж болно.
- Засгийн газар “Алт-2” хөтөлбөрийг хэрэгжүүлэх болсноо зарласан. Уг нь “Алт-3” гэж нэрлэх ёстой биш билүү ?
- Хамгийн анх 1992 онд хэрэгжсэн “Алт” хөтөлбөрийг “Алт-1” гэж нэрлэж байгаа. Харин 1997 онд хэрэгжсэнийг нь “Алт-2000” гэсэн байдлаар томьёолсон байдаг. Харин энэ удаад хөтөлбөр боловсруулах ажлын хэсгийнхний шийдвэрээр “Алт-2” гэж нэрлэхээр болсон.
- Тэгвэл энэ удаад хэрэгжих хөтөлбөр Монголын эдийн засгийг сэргээх үү ,аврах уу?
-Өмнө нь хэрэгжиж байсан хөтөлбөрүүд монголын эдийн засгийг сэргээх үндсэн зорилго дор хэрэгжсэн. Тодорхой үр дүнд хүрснээс гадна уул уурхайн салбарын хөгжилд түлхэц болсон гэдгийг энд онцлох ёстой. Түүнчлэн энэ салбарт хувийн хэвшлийнхний үүрэг, оролцоог нэмэгдүүлснээс гадна валютын нөөц нэмэгдсэн шүү дээ. Жишээ нь Монгол Улс 2005 онд 24.1 тонн алтыг олборлож, 31 хувийг нь экспортод гаргасан нь тухайн үеийн хамгийн өндөр үзүүлэлт байсан. Харин “Алт-2” хөтөлбөрийн зорилго чиглэл, онцлогийн тухайд хариуцлагатай ил тод уул уурхай, байгаль орчинд ээлтэй техник технологи, байгаль орчны нөхөн сэргээлт, түүний хяналт, хариуцлагын тогтолцоог дээшлүүлэх гэсэн шаардлагыг тавьж байгаа нь өмнөх хөтөлбөрүүдээс өөр. Мөн “Алт-1” үндэсний хөтөлбөрийн хоёрдугаар шат ч гэж ойлгож болно. Нөгөөтэйгүүр, манай шороон ордын бэлтгэгдсэн нөөц 27-30 орчим гэж тогтоогдсон. Тэгэхээр шороон ордын шавхагдаж буй нөөцийг тодорхой хэмжээгээр өсгөн нэмэгдүүлэх, бэлтгэгдсэн үндсэн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах мөн шинэ технологи нэвтрүүлэх, ашиглах цаг болсон.
- “Алт-1”, “Алт-2000” хөтөлбөрийн хэрэгжилтийн хугацаанд “Урт нэртэй хууль” болон “Ашигт малтмалын тухай, Өсөн нэмэгдэх албан татварын тухай”-хууль батлагдсан нь алтны салбарыг уналтад оруулсан гэж эдийн засагчид дүгнэдэг. Та тэдэнтэй санал нэгдэх үү?
- Алтны үйлдвэрлэлд өсөн нэмэгдэх буюу 68 хувийн татвар гэж байсан. Мөн “Урт нэртэй хууль”-ийн зарим зүйл заалт олборлолтод сөргөөр нөлөөлсөн тал бий. Харин өнөөдөр хууль, эрх зүйн орчин харьцангуй тааламжтай болсон шүү дээ.Тодруулбал, өнөө 68 хувийн татварыг хүчингүй болгоод зогсохгүй, “Ашигт малтмалын тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулсан. Үүний үр дүнд Монгол банкинд тушааж буй алтны хэмжээ жилээс жилд нэмэгдэх хандлага ажиглагдаж буй. Жишээ нь, 2014 онд 12 тонн алтыг Монгол банк худалдан авсан бол 2015 онд 14.7 тонн болж өссөн байх жишээтэй. Харин өнгөрсөн 2016 оны гүйцэтгэлээр 18 тонн алт тушаасан. Тэгэхээр энэ нь хууль, эрх зүйн болоод татварын орчин нь тодорхой хэмжээнд сайжирсаны илэрхийлэл.
- “Алт-2” хөтөлбөр гар аргаар алт олборлогчдод ямар байдлаар нөлөөлөх вэ?
- Алтны орд, нөөц ихэнх улс орнууд гар аргаар алт олборлогчид буюу нинжа нарын асуудалтай байнга тулгарч байдаг. Манай улс ч ялгаагүй. Тэгэхээр шинээр хэрэгжих хөтөлбөр таван зорилтыг дэвшүүлсэн талаар дээр өгүүлсэн. Үүнийг хоёр үе шаттайгаар дөрвөн жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Тэдгээр таван зорилтын эхнийх нь хууль, эрхзүй, татварын орчныг тогтвортой байлгах төдийгүй улам боловсронгуй болгоход анхаарлаа хандуулахад чиглэгдэнэ. Хоёрдугаар зорилт нь нь алтны нөөцийг нэмэгдүүлэх явдал. Үүний тулд геологи хайгуулын баг байгуулж, холбогдох ажлуудыг эрчимжүүлж чадсанаар дөрвөн жилийн хугацаанд алтны нөөцийг 100-150 тонноор нэмэгдүүлж, үйлдвэрлэлийн нөөцийг бэлтгэх юм. Гуравдугаар асуудал бол хариуцлага, ил тод уул уурхайг бий болгох. Мөн техник технологийн дэвшлийг нэвтрүүлж, хаягдалгүй олборлох, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааг хэвшүүлэх гээд олборлолт руу анхаарч ажиллана. Дээрээс нь алт цэвэршүүлэх үйлдвэрийг байгуулах, нэмүүн өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх асуудлууд ч тусгагдсан. Харин дөрөвдүгээрт байгаль орчин, нөхөн сэргээлтийн асуудал багтсан. Байгаль орчинтой холбоотой асуудлыг цогцоор шийдвэрлэх, стандартыг хэвшүүлэх, хяналт хариуцлагын тогтолцоог боловсронгуй болгох асуудал ч тусгагдсан. Тавдугаарт нь, бичил уурхай олборлогчидтой холбоотойгоор тэдэнд зориулсан дүрэм, журам, хөтөлбөрийг боловсронгуй болгохоос гадна хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны сургалт семинарыг зохион явуулахаар болсон. Мөн алт худалдан авах төрийн сүлжээг бий болгох асуудал ч хөндөгдсөн. Ер нь миний харж буй өнцөг бол бичил уурхай эрхлэгчид буюу гар аргаар алт олборлогчдын үйл ажиллагааг тодорхой хэмжээнд хумих ёстой л гэдэг байр суурьтай байдаг. Яагаад гэвэл эдийн засаг сул дорой, хөгжил муу байх тусмаа хууль бусаар олборлолт эрхэлдэг иргэд олширч, газар авдаг. Гэхдээ бичил уурхай эрхлэгчид нь тодорхой аймаг, нутаг дэвсгэрт заагдсан газруудад үйл ажиллагааг явуулж болно гэж хуульд тусгагдсан. Гар аргаар алт олборлогчид цаашид нэгдэн нийлж нөхөрлөл, компани болох ёстой.
- Тэгэхээр эдгээр хүмүүсийг мэргэшүүлэх л ёстой юм уу. Ингэснээр аль аль талдаа ашигтай болж хувирна гэсэн үг үү?
-Хариуцлагатай ил тод уул уурхайг хөгжүүлэх, уул уурхайн салбарыг тэргүүлэх зорилт тавин ажиллаж байгаа энэ цаг үед гар аргаар алт олборлох нь утгагүй зүйл л дээ. Бичил уурхай эрхлэгчдийн талаар “Ашигт малтмалын тухай хууль”-д техникийн хувьд ашиглах боломжгүй, эдийн засгийн үр ашиггүй, нөөц багатай, агуулга багатай, тийм хэмжээний эсвэл хаягдсан газруудад бичил уурхайг эрхэлж болно гэж заасан байдаг. Түүнчлэн ашиглаад орхичихсон үүсмэл орд, овоолго бүхий газарт л бичил уурхайг эрхэлж болно гэж байдаг юм. Энэ хүрээнд хаягдсан, нөхөн сэргээлт хийгдээгүй тийм газарт зохион байгуулалттайгаар шаардлагын дагуу хувиараа алт олборлож болно гэж үзэж байгаа. Гэхдээ тухайн орон нутагтай тохиролцсоны үндсэн дээр тийм газарт ажиллах учиртай. Ер нь эрсдэлтэй асуудал л даа. Тиймээс тэднийг мэргэшүүлж, тогтсон ажлын байртай болгосноор хүндрэлүүд бага болов ч шийдвэрлэгдэнэ л гэсэн үг.
- Монгол банк ченж нар шиг явуулын үйлчилгээг эрхэлдэггүй учраас иргэд бэлэн мөнгөөр газар дээр нь худалдаж орхидог. Тэр нь гадагшаа хууль бусаар гардаг. Үүнийг хаах бодлого хөтөлбөрт тусгагдсан уу?
- Монгол банк авах ёстой бүхий л арга хэмжээг авч байгаа төдийгүй дэлхийн зах зээлийн ханшаар худалдаж авахаар болсон. Түүнчлэн “ Алт-2” хөтөлбөрийн хүрээнд алт, металлын орд төвлөрсөн тодорхой аймгуудад салбараа нээж, сорьцийг шинжлэх, худалдаж авах нөхцлүүдийг судалж байгаа. Мөн хөнгөлөлттэй зээл, алтны төлбөр тооцооны асуудлыг шуурхай шийдвэрлэх, алтны сорьц, хяналтын лабораторийг нээх тал дээр анхаарч буй.
- 2012-2016 онд Эрдэс баялгийн бирж нээх асуудал яригдаж байсан.
- Эрдэс баялгийн бирж гэх ойлголт үнэ, борлуулалт зэргийн худалдааг нээлттэй,чөлөөтэй байлгах гэсэн асуудал. Гэвч энэ асуудал буцаан татагдсан.
- Шороон ордны нөөц багасч буй гэсэн мэдээлэл бий. “Алт-2” хөтөлбөрийн хүрээнд шинээр орд нээх, хайгуулын ажил зохион байгуулна гэсэн. Энэ талаар тодруулна уу?
- Одоогийн байдлаар шороон ордын нөөц 30 гаруй тонн. Бид эхний ээлжинд алтны эрэл хяналтын ажил гэж сэдэвчилсэн судалгааны ажлыг зохион байгуулахаар бэлтгэл хангаад явж байна. Энэ онд багтах байх. Алтны гол район болсон төв, зүүн чиглэлд өмнө нь судлагдсан, тэмдэглэгдсэн газруудыг шалгаж, нөөц тогтоохоос гадна хэтийн төлөвт багтсан талбайн нөөцийг ялгах юм. Харин хайгуулын ажлын хүрээнд лицензээр болон сонгон шалгаруулалтын журмаар тусгай зөвшөөрлүүдийг олгох гэж байгаа. Өргөдлийн журмаар нэгдсэнтэй нийлээд 18 сая орчим га талбайд тусгай зөвшөөрөл олгоно. Сонгоны журмаар 1.6 сая га газрыг нэмж олгохоор Засгийн газраас тогтоол гарсан. Тэгэхээр эхний ээлжинд улсын төсвийн хөрөнгөөр алтны чиглэлийн ерөнхий судалгааны ажлыг эхлүүлсэн. Дээрээс нь тусгай зөвшөөрлийн олголтыг нэмэгдүүлэх замаар хувийн хөрөнгийг татаж, ордуудын нөөцийг өсгөх, илрүүлж тогтоох ажлыг хийхээр төлөвлөсөн.
- Алт олборлох тусгай зөвшөөрлийг хичнээн компанид олгосон бэ?
-2017 оны гуравдугаар сарын байдлаар ашиглалтын тусгай зөвшөөрөл 1580 ААН-д олгосон. Үүнээс алт олборлох ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий 500 гаруй лиценз олгосон байна.
-ААН-д ямар нөхцөл, шаардлагыг тавьж, лиценз олгосон бэ?
- Нөөцийг нь тогтоогоогүй ч хайгуулын хугацаа нь дуусч байсан тусгай зөвшөөрөл бүхий ААН –д зөвшөөрлөө шууд “А” болгоод авчихдаг тал бий. Түүнлэн нөөц нь тогтоогдоогүй тусгай зөвшөөрлүүд хүртэл хамрагдаж байсан. Харин одоо Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр алтны нөөцөө батлуулаад, батлуулсныхаа дараа ашиглалтын тусгай зөвшөөрөл авч байгаа учраас энэ болзлыг хангасан компаниудад л лиценз олгогдож байгаа гэсэн үг.
- Хөтөлбөрийн хүрээнд “Гацуурт”-ын ордыг эдийн засгийн эргэлтэд дахин оруулах уу?
- Гацууртын ордын нөөц нь тодорхой учраас эдийн засгийн эргэлтэд оруулахад бэлэн, боломжтой орд юм.
-Алтны томоохон компаниудтай хөтөлбөрийн хүрээнд хэрхэн хамтран ажиллах вэ?
- Компаниудтай тусгайлан ажиллах бодлого байхгүй хэдий ч 2017 онд хэрэгжиж эхлэх алт хөтөлбөр нь шороон ордны нөөц, тэнд ажиллаж байгаа хүмүүсийг дэмжиж ажиллах зорилгоор санхүүгийн хөнгөлөлттэй зээлийг олгохоор болсон. Хөгжлийн банк олгохоор болж эх үүсвэр нь тавигдсан. Мөн дээрээс нь олон жил үр бүтээлтэй, тогтвор суурьшилтай ажилласан компаниудыг урамшуулах, сурталчилах, дэмжлэг үзүүлэх асуудлууд заагдсан. Нефтийн бүтээгдэхүүнээр хангадаг компаниудтай гэрээ байгуулж, зээлийн журмаар түлш шатахуунаар хангах санамж бичигт гарын үсэг зурсан. Ерөнхийдөө аж ахуй нэгж байгууллагуудыг ийм байдлаар дэмжиж ажиллана. Түүнчлэн хайгуул, лицензийн ажлыг нэлээд сонголттойгоор олгох учир хөрөнгө оруулалт тэр хэрээрээ нээгдэнэ гэж харж байна. Монгол банкинд алтаа тушаагаад, төлөвлөгөөний дагуу үүргээ гүйцэтгээд явж байгаа компаниудад хүүний хөнгөлөлт г үзүүлэх зарчмыг баримталж ажиллахаар болсон.
Эх сурвалж: uurhai.mn