АМГТГ-аас Доншен газрын тос (Монгол) ХХК-ийн 2020 оны жилийн ажлын төлөвлөгөөг баталлаа
Монгол улсын Засгийн газартай Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсан БНХАУ-ын хөрөнгө оруулалттай, газрын тосны ашиглалт, олборлолтын үйл ажиллагаа явуулж буй Доншен газрын тос (Монгол) ХХК-ийн 2020 оны жилийн уулзалт 2019 оны 12 дугаар сарын 11-12-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа.
Тус уулзалтанд БНХАУ-ын газрын тосны корпораци Синопек групийн Гадаад хамтын ажиллагааны ахлах мэргэжилтэн Гуо Шань, мөн тус улсын газрын тосны Доншен групп компанийн дэд захирал Вү Вэй , Доншен газрын тос (Монгол) ХХК-ийн ерөнхий захирал Сун Юнчан болон бусад албаны төлөөллүүд оролцож, тус компанийн 1997 оны БХГ-т талбайд 2019 онд хийж гүйцэтгэсэн ажил, санамж бичгийн хэрэгжилт, мөн тулгамдаж буй асуудлуудын талаар хэлэлцээд, 2020 онд хийж гүйцэтгэх хөтөлбөр, санамж бичигт АМГТГ-ын дарга Х.Хэрлэн холбогдох хэлтсийн дарга мэргэжилтэнүүдийн хамт хоёр талаас баталгаажууллаа.
Уулзалтанд АМГТГ-ын дарга Х.Хэрлэн оролцож, үг хэлэв. Тэрээр хэлсэн үгэндээ Доншен газрын тос (Монгол) ХХК нь өнгөрсөн 18 жилийн хугацаанд нийт 280,6 сая ам долларын хөрөнгө оруулалтыг хийж 112,9 сая ам долларыг Монгол Улсын төсөвт төвлөрүүлсэн бөгөөд орд ашиглах төлөвлөгөөний хүрээнд олборлолтыг тогтвортой явуулж, цаашид олборлолтыг нэмэгдүүлэх шат дараалласан арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэн ажиллаж байгааг сайшааж, энэхүү уулзалтаар 2020 онд хийж гүйцэтгэх ажлууд болон бусад тулгамдсан асуудлуудад нэгдсэн саналд хүрч хамтран шийдвэрлэж чадна гэдэгт итгэлтэй байгааг онцоллоо.