Монгол эрдэмтэний бүтээл олон улсад шилдгээр шалгарлаа

Зүүн, Зүүн-Өмнөд Азийн Геологийн Шинжлэх Ухааны Зохицуулах Хорооны(ССОР)  55 дахь Ээлжит чуулган болон 73 дахь Удирдах зөвлөлийн хурал  2019 оны 11 дүгээр сард Тайландын Вант улсын Чиангмай хотноо зохион байгуулагдаж, Монгол улсын төлөөлөгчдийг тэргүүлж  АМГТГ-ын Геологи, хайгуулын хэлтсийн дарга Б.Сүнжидмаа, ШУА-ын Палеонтологи, геологийн хүрээлэнгийн судлаач, доктор З.Бадамхатан, МУИС-ийн багш, доктор Б.Эрдэнэцогт, МАХ группын Геологи, Уул уурхайн газрын захирал, геосудлаач Д.Даваа-Очир МУИС-ийн багш докторант С.Оюунгэрэл, “Эрдэнийн эрэлчид” холбооны тэргүүн Д.Оюунцэцэг нар оролцлоо.

Монгол улс тус байгууллагад 2018 онд гишүүнээр элссэнээр байгалийн шинжлэх ухааны чиглэлээр боловсон хүчнүүдийг сургах, олон улстай хамтран эрдэм шинжилгээ, хамтарсан судалгааны ажил хийх боломжууд нээгдэж, 1 жилийн хугацаанд 15 мэргэжилтнээ гадаадад мэргэжил дээшлүүлж, тус байгууллагаас хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүдэд үндэсний зохицуулагчаа ажиллуулж, ССОР-тэй хамтран Уламжлалт бус газрын тосны 14 дэхь олон улсын сургалт, семинарыг Улаанбаатар хотод амжилттай зохион байгуулаад  байна.

ССОР нь Америкийн Олон Улсын Геологийн Нийгэмлэгтэй хамтран   гишүүн орнуудынхаа судлаач нарын дунд шилдэг судалгааны ажлыг шалгаруулах уралдааныг зарлаж, түүнд МУИС-ийн ахлах багш, докторант С.Оюунгэрэлийн бүтээл шалгарч 55 дахь чуулганы үеэр 5000 ам.долларын тэтгэлэг, бусад дагалдах шагналаа гардаж авлаа.

ССОР нь гишүүн орныхоо эдийн засгийн хөгжлийг сайжруулах, Засгийн газрын үйл ажиллагаанд хувь нэмэр оруулах, геосистемийн төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх замаар шинэ техник технологи, мэдээ мэдээлэл солилцох, хамтдаа хөгжих үүрэг бүхий засгийн газар хоорондын байгууллага юм. 

Тус байгууллага нь 1966 онд НҮБ-ын ивээл дор байгуулагдаж, гишүүн 15 орон, хамтрагч, 14 орон, хамтрагч 14 байгууллагын хүрээнд үйл ажиллагаагаа явуулж байна.  

CCOP нь Монгол, Япон, БНСУ, Хятад, Камбож, Индонез, Лаос, , Малайз, Мьянмар, Папуа Шинэ Гвиней, , Филиппин, Тимор Лесте, Сингапур, Тайланд, Вьетнам зэрэг 15 гишүүн оронтой, АНУ, Австрали, Бельги, Канад, Дани, Финланд, Франц, Герман, Нидерланд, Норвеги, Польш, ОХУ, Швед, Их Британи зэрэг 14 хамтрагч оронтой. Дэлхийн банк, Олон улсын геологийн холбоо, Дэлхийн залуу эрдэмтдийн холбоо гэх мэт 14 хамтрагч байгууллагатай.

CCOP нь засгийн газар хоорондын геосудлалын байгууллагын хувьд үндэсний геосудлалын байгууллагуудын үйл ажиллагааг дэмжих, тэдгээрийн хоорондын хамтын ажиллагааг дэмжих, оролцогч талууд болон олон нийтийн дунд мэдээ, мэдээлэл солилцоход чухал үүрэг гүйцэтгэдэг тул Монголын үндэсний геосудлаачид тус байгууллагын үйл ажиллагаанд идэвхитэй оролцож дэмжлэг авах  боломж нээлттэй байна.