Ес дэх удаагийн “Coal Mongolia - 2019” нүүрсний салбарын худалдаа, хөрөнгө оруулалтын олон улсын чуулга уулзалт эхэллээ
Өнөөдөр Улаанбаатар хотноо Ес дэх удаагийн “Coal Mongolia -2019” Нүүрсний салбарын худалдаа, хөрөнгө оруулалтын олон улсын чуулга уулзалт, үзэсгэлэнгийн үйл ажиллагаа эхэллээ. Энэ удаагийн чуулганыг “Өрсөлдөөнд манлайлъя” уриан дор зохион байгуулж буй бөгөөд нүүрсний салбарын өрсөлдөх чадвар, Монгол-Хятадын нүүрсний салбарын бизнес форум, Бүс нутгийн харилцаа Өмнөговь-Баяннуур, Нүүрсний салбарыг дэмжих зам тээврийн бодлого, хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр, Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах ажлын явц, нүүрс олборлолт, баяжуулалт, тээвэрлэлтийн дэвшилтэд технологийн гэх зэрэг сэдвээр зохион байгуулах юм.
Нээлтийн үйл ажиллагаанд УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар оролцож үг хэлэв.Тэрээр энэ удаагийн арга хэмжээ нь “Өрсөлдөөнд манлайлъя” уриан дор явагдаж байгаатай уялдан нүүрсний салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлсэн, Улаанбаатар хотын агаарын бохирдлыг эрс бууруулахад дэмжлэг үзүүлсэн, нүүрсний тээвэрлэлт, технологийн асуудлуудыг хөндсөн, мэдээлэл солилцсон чухал уулзалтууд, арга хэмжээ болно гэдэгт миний бие эргэлзэхгүй байна. Уламжлал болсон энэ чуулга уулзалт бүс нутгийн эдийн засаг, бизнесийн харилцаа холбоог бэхжүүлэхэд бас нэгэн түлхэц болно гэдэгт найдаж байгаагаа илэрхийлээд уул уурхайн салбар нь улс орны эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэж, дотоодын нийт бүтээгдэхүүний 24 хувийг, аж үйлдвэрийн салбарын нийт бүтээгдэхүүний 72 хувийг, экспортын бүтээгдэхүүний 87 хувийг, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 75 хувийг тус тус бүрдүүлж манай улсын тэргүүлэх салбар болон хөгжиж байна гэв. Мөн тэрээр хэлсэн үгэндээ Уул уурхайн үйлдвэрлэлтэй уялдаж, зам, тээвэр, харилцаа холбоо, эрчим хүч, банк санхүүгийн систем, барилга, хот байгуулалт зэрэг салбарт шууд бус, дам нөлөө үзүүлж улс орны эдийн засаг, нийгмийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэж байгааг тэмдэглэх нь зүйтэй гэв. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас геологи, уул уурхайн салбарт хөрөнгө оруулалтыг татах эрх зүйн таатай орчинг бүрдүүлж, харилцан үр ашигтай төсөл, хөтөлбөрийг гадаад, дотоодын аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж, улмаар уул уурхайн шинэ үйлдвэрүүдийг ашиглалтад оруулах, нэмүү өртөг бүхий шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд таатай нөхцлийг бүрдүүлэх, одоо ажиллаж байгаа уул уурхайн үйлдвэрүүдийн техник, технологийг шинэчлэн, боловсруулалтын түвшинг ахиулах, бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулан үр ашгийг нь дээшлүүлэх замаар хариуцлагатай, ил тод уул уурхайг хөгжүүлэх зорилтыг эрхэмлэн ажиллаж байгааг онцлов. Бас Эрдэс баялгийн салбарын багц хуулийн төсөл, Эрдэс баялгийн ил тод байдлын тухай хуулийн төсөл, Уурхай, уулын болон баяжуулах үйлдвэрийн нөхөн сэргээлт, хаалтын журам, Ил уурхайн аюулгүй ажиллагааны дүрэм, Баяжуулах үйлдвэрийн аюулгүй ажиллагааны дүрэм, Тэсэлгээний ажлын аюулгүй ажиллагааны нэгдсэн дүрэм зэрэг салбарын суурь баримт бичгүүдийн төслийг боловсруулж, батлуулахаар ажиллаж байгаагаа хэлэв.
Чуулганы үйл ажиллагаанд АМГТГ-ын Нүүрсний судалгааны хэлтсийн дарга М.Мэндбаяр “Монгол Улсын нүүрсний салбарын өнөөгийн байдал, хэтийн төлөв сэдвээр илтгэл тавьлаа. Тэрээр 2019 онд Уул уурхайн салбар улсын төсөвт 17.7 их наяд төгрөгийн татварын орлого оруулсны 14.4% нь нүүрсний салбараас орсон байна. 13.000 хүнийг тогтвортой ажлын байраар хангадаг, Монголын төсөвт тэргүүлэгч байр суурьтай салбар болохыг онцлон дурдав.
Чуулганы ерөнхий зохион байгуулагчаар “Монгол Нүүрс Ассоциаци” ажиллаж байгаа бөгөөд хамтран зохион байгуулагчаар БНХАУ-ын Нүүрсний Тээвэр, Худалдааны Ассоциаци, мөн БНХАУ-ын нүүрсний зах зээлийн судалгаа, зөвлөх үйлчилгээний Түдэй Тинк Танк Энержи, Юмэй Инфо зэрэг компаниуд ажиллаж байна.